Home Дорнод аймаг Аймгийн танилцуулга

Аймгийн танилцуулга

Нутаг дэвсгэр:        123,600 км2
Хүн ам:                  73,400 хүн 
Хүн амын нягтшил:: 0.59 
Аймгийн төв:           Чойбалсан хот (Улаанбаатар хотоос 639 км)



Газарзүйн байрлал

Дорнод аймаг нь 123,600 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, газар зүйн байршлын хувьд хойд талаараа ОХУ, зүүн, зүүн өмнөд талаараа БНХАУ-тай, баруун, баруун урд талаараа Сүхбаатар, баруун талаараа Хэнтий аймагтай тус тус хиллэдэг, ази номхон далайн орнуудад хамгийн ойр, дэд бүтэц, зам тээврийн хувьд харьцангуй сайн аймаг юм. Аймгийн төв Чойбалсан хот Улаанбаатар хотоос 661 км алслагдсан. 

Хүн ам

Хүн ам нь халх, буриад, барга, үзэмчин, урианхай, өөлд, казах зэрэг ястнаас бүрддэг. Аймгийн төв Чойбалсан хот 40,000 хүн амтай. 

Ургамал, амьтны аймаг


Монголын улаан номонд бүртгэгдсэн бүх ургамлын 10 хувь ургадаг, 40 гаруй зүйлийн эмийн ургамал, 10 орчим зүйлийн ашигт ургамалтай ба Монгол улсаас өөр улсад ургадаггүй, ховор, олон төрлийн эфирийн тос агуулсан ургамал мөн ургадаг. Эдгээр ургамлууд нь тансаг үнэртэй бөгөөд эмийн үйлдвэрт хамар хоолой, амьсгалын замын болон үрэвсэлт өвчин анагаах эм бэлдмэл гаргах, гар нүүрийн арьс төлжүүлэх, элдэв цацраг туяанаас хамгаалах бэлдмэл хийх зэрэг зорилгоор гоо сайхны үйлдвэрт хэрэглэгдэх ирээдүйтэй 


Зарим онцлогууд

• Х.Чойбалсан, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн зэрэг алдартнуудын өлгий 
     
• 1939 оны эх орны дайны гол цэг тус аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байдаг. 
   
• Нүд алдам өргөн уудам талыг Дорнод аймагт харж болно. 


Үзүүштэй газрууд


Дорнод Монголын дархан цаазат газар. Хялганат талын экосистем, цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор 1992 онд Улсын бага хурлын тогтоолоор дархан цаазат газрыг тогтоон баталсан. Энэхүү дархан цаазат газар нь Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгийн 570.3 мян га газрыг хамардаг. Дорнод Монголын дархан цаазат газрын бүсэд элсэн манхан, Вангийн цагаан уул хэмээх домогт үзэсгэлэнт уулууд байдаг. Мөн 153 зүйлийн ургамал, 26 зүйл хөхтөн амьтан байдгаас Монгол улсын Улаан номонд орсон Дорнодын сармаахай, Дагуурын зараа гэсэн 2 төрлийн амьтан бүртгэгдсэн байна. Түүнчлэн гангар хун, хонины тоодог, цэн тогоруу, реликт цахлай энд бүртгэгдсэн ба нэн ховор идлэг шонхор, азийн цууцаль зэрэг шувууд нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг байна. 

Монгол Дагуурын Дархан цаазат газар. Хээр тал, амьтан, ургамал, нүүдлийн болон усны шувуудын амьдрах орчин болох ус намгархаг газар нутгийг байгалийн төрхөөр нь хамгаалах, судалгаа шинжилгээ явуулах зорилгоор 1992 онд дархан цаазат газраар тогтоож, 1994 онд Монгол-Орос-Хятадын хамтарсан Дагуурын дархан цаазат газар болгон өргөжүүлж, улмаар 1997 онд Зүүн хойд Азийн тогоруу хамгаалах олон улсын сүлжээ нутагт хамруулсан. Дархан цаазат газарт Чулуунхороот, Дашбалбар, Гурванзагал сумын нутгийг хамарсан 103 мян га талбай хамаардаг. Энд Зүүн Азид тархсан тоо толгой нь ховордож буй цэн, хар, цагаан болон өвөгт тогоруу өндөглөдөг бөгөөд нүүдлийн үедээ олноороо бөөгнөрөн цуглардаг аж.

Нөмрөгийн дархан цаазат газар. Улсын хилийн дагуу Хянганы нурууны баруун хэсгийн ойт хээр, хээрийн мужид 311.2 мян га талбайг эзлэн орших энэхүү дархан цаазат газрыг навчит ой, Хянганы нурууны амьтан, ургамал, усны хагалбар газрыг хамгаалах зорилгоор 1992 онд байгуулсан байна. Энд хар мөрний хандгай, цариг могой, манжуурын сохор номин, халиу, хүрэн баавгай зэрэг амьтад, хошуу, байгалийн галуу, усны нөмрөг бүргэд, зээрд шонхор, цэн тогоруу, усны цагаан сүүлт бүргэд, тас, азийн цууцаль зэрэг дэлхийд устах аюулд орсон шувууд байдаг.

Яхь нуурын байгалийн нөөц газрыг (БНГ). Уг газрыг цагаан зээр, усны шувуудын нүүдэллэн өнгөрөх орчныг хамгаалах зорилгоор 1998 онд хамгаалалтад авсан ба Чойбалсан, Сэргэлэн, Гурванзагал сумдын хилийн заагийн 251’388 га нутаг уг БНГ-т хамаардаг. Энд цагаан зээр, чоно, тарвага, хярс, шинэс зэрэг амьтад, нуурын эрэг орчмоор нүүдлийн болон эргийн шувууд үүний дотор тас, сар зэрэг махчин шувууд, талын бэсрэг уулс, хадархаг гүвээ толгодыг үзэх боломжтой.

Угтам уулын БНГ. Байгалийн төрхийг хэвээр хадгалах, ан амьтан, ховор ургамлынх нь нөөц баялгийг хамгаалж, нөхөн сэргээх зорилгоор Баяндун, Дашбалбар сумын нутагт орших Угтам уулыг 1993 онд БНГ-аар тогтоон хамгаалалтад авсан.

Тосон хулстайн БНГ. Цагаан зээрийн төллөх гол нутгийг хамгаалах нөөц газар болгон Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Баянтүмэн сумдын нутагт орших Тосон хулстайн нуурын салбарыг хамруулан 4700 км2 газрыг 1998 онд хамгаалалтад авсан. Түгээмэл тархацтай 25 овог, 80 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс өргөст сарнай, юлдэн тарваган шийр, таван салаа, нарийн сараан, дэрвээн хазаар өвс, ленийн ботууль, сибирийн хялгана, зүр өвс зэрэг эмийн, ховор ургамал байдаг. Мөн Монголд ховор хархираа тогоруу, хээрийн тоодог шувуу, зараа зэрэг байдаг.



Түүхийн дурсгалт газрууд


Цагаан-Овоо сумын нутагт Хэрлэн голын хойт эрэгт орших 11 дүгээр зууны Киданы үеийн Хэрлэн бар хотын туурь, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагал сумын нутгаар үргэлжилэх Чингисийн хэрмэн зам, Халхгол сумаас хойш 35 км-т орших 1859-1864 онд бүтээсэн Их бурхантын цогцолбор, Шонх таван толгой дахь Түргийн үеийн хүн чулуу, Матад сумын Хийморийн говь, Наран, Сэргэлэн сумын Хөцөө гэдэг газар байдаг хүн чулуу, Сэргэлэн сумын нутагт байрлах эрх чөлөөний төлөө тэмцэгч Гүн Саваагийн балгас, Халхгол сумын нутаг Тамсагбулаг гэдэг газар байдаг Илдэн хошууны Тогтохтөр вангийн бүтээсэн хиймэл уул, Утай таван уул, “Монголын нууц товчоо” номонд бичигдсэн Мэлхий буюу гэр хад зэрэг түүх, соёлын дурсгалт газрууд бий. 

Халхгол суманд 1939 оны дайны талбар, Ханан хөшөө, Яковлевын хөшөө, монголын Хилчин дайчдын хөшөө, Ерэн баатарын хөшөө, Ялалтын хөшөөны цогцолбор, Улаан армын корпусын командлан захирагч Г.К.Жуковын командын байр, Л.Дандарын Монгол улсын баатар цол авсан нуувч, М.Экейн Монгол улсын баатар болсон газар байдаг.

Чойбалсан хотод Монгол улсын Маршал, Улсын хошой баатар Х.Чойбалсангийн хөшөө, Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисэгчдийн хөшөө, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө, Бөртэ Үжиний хөшөө, яруу найрагч З.Нямсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө, ЗХУ-ын баатар Н.Ф.Гастеллогийн хөшөө, Халхголын дайнд үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын булш, Генерал Курилаткины хөшөө, зөвлөлтийн 17 дугаар армийн штабын барилга, Баянтүмэн хотыг бөмбөгдсөн газарт босгосон дурсгалын хөшөө зэрэг бий.




Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Your Contact Details:
Сэтгэгдэл:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img]   
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Security
Зураг дээрх спэмээс хамгаалсан кодыг дуурайлгаж оруулна уу.
 

Сайтын статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр661
mod_vvisit_counterӨчигдөр574
mod_vvisit_counterЭнэ 7 хоног661
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног23287
mod_vvisit_counterЭнэ Сар661
mod_vvisit_counterӨнгөрсөн Сар49953
mod_vvisit_counterБүх өдөр1093906