Home Дорнод аймаг Сумдууд
Мэдээллийн индекс
Сумдууд
Баяндун
Баянтүмэн
Баян-Уул
Булган
Гурванзагал
Дашбалбар
Матад
Сэргэлэн
Халхгол
Хөлөнбуйр
Цагаан-Овоо
Чулуунхороот
Чойбалсан
Хэрлэн сум
Бүх Хуудсууд

 


 

                    БАЯН ДУН СУМ 

 

1925 оны хавар одоогийн Баян-Уул сумыннутаг Уртын голд Баян-Уул, Хужиртаан, Бүс, Салхит зэрэг газраар нутаглаж байсан ардын хурал болж, тэр үеийн Алхана, Онон-Ага сумдын зарим хэсэг, аль ч суманд харъяалалгүй байсан нутгийн ардаар бүрдсэн Шинэ Алхана гэдэг сумыг 9 баг, 192 өрхтэйгөөр байгуулж сумын даргаар Дамдингийн Дашдондог (Тогоон), нарийн бичгийн даргаар Дагвын Дамбаренчин нарыг сонгож, нутгийн төв хэсэг нь Салхит, Бүсийн гол, Билүүт зэрэг газар болж байв. Ингэж шинээр байгуулагдсан энэ сумыг одоогийн Баяндун сумын гал голомт гэж үздэг. Орон нутгийн захиргааны дүрмийн 33 дугаар зүйлийн заалтыг үндэс болгон, оросын нутагт байсан уулын нэрээр нэршсэн Шинэ Алхана сум гэдэг нэрийг өөрчлөн нутгийн уулын нэрээр Баяндун уулын сум гэж нэрлэх болсон байна. Ингэж байгуулагдсан энэ сум нь Голт нуур, Бүс, Салхитын адаг, Сарлаг нарс хавиар нүүдэллэж байгаад 1931 онд Улз голын хошууг татан буулгахад хошууны төв байсан Наранбулагт нүүн ирж төвлөсөн байна. Энэ сумын сургууль 1923 онд Улз голын хошууны сургууль (захирал нь Жигмидийн Дэлэгдорж) нэртэйгээр байгуулагдаж 1968 онд 8 жилийн, 1991 онд 10 жилийн боловсрол олгох дунд сургууль болж, 1993 онд тус сургууль 70 жилийнхээ ойгоор сургуулийн ахмад сурагч, монголын төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч, ууган гавьяат багш Дондогийн Цэвэгмидийн нэрэмжит болсон. 1927 онд Харилцан туслалцах хоршоо (дарга нь Жамсрангийн Цэрэн), 1928 онд намын үүр (дарга нь Цэдэнгийн Дагва-Осор), ХЗЭ-ийн үүр (дарга нь Замбалын Жамц), 1927-1928 онд Дамбадаржаалин дацан (ширээт лам нь Дашийн Жамъян жорвон), 1930 онд Үржлийн аж ахуй (дарга нь Ширнэн) тус тус байгуулагджээ. 1931 ондмалэмнэлгийнсалбар (эмч нь Ильен) анх байгуулагдаж, 1953 онд их эмчийн салбар (эрхлэгч их эмч нь Цэвэгийн Дамба) болж өргөжсөн бөгөөд 1932 онд хүн эмнэлгийн салбар (их эмч нь И.Н.Вершинин) байгуулагдаж 1962 оноос их эмчийн салбар (их эмч нь Мэндбаярын Доржханд) болжээ. 1935 оноос ХАА-н нэгдлүүд байгуулагдаж эхэлсэн. 1941 онд сүү тосны завод (эрхлэгч нь Тангадын Дамдинсүрэн) байгуулагдаж, өмнө нь байгуулагдсан олон жижиг нэгдлүүд нийлж 1958 онд "Баяндун" нэгдэл (дарга нь Мархаагийн Мөнхжаргал) болжээ. Сумын хүн амын дийлэнх нь буриад ястан байсан бөгөөд 1920-иод оны үед Амгалан хан уулын хошууны барга ястны өрх айлууд Угтамын хийдийг бараадан нүүн ирж Өвгөд уулын хавиар нутаглаж байгаад улмаар Өвгөд уулын сум (дарга нь Жүрмэдийн Намсрай) болоод, дараа нь удалгүи 1929 оны үед татан буугдаж Баяндун сумтай нийлснээр барга ястан энэ суманд бий болжээ. 1958 онд Хөгнө сумын 2 багийн 110 орчим өрхийн 400 гаруй хүмүүс Баяндун суманд шилжиж очжээ. Баян-Уул сумын "Холбоо" нэгдэл тарахад 1959 онд тэндхийн сонгоол буриадууд Баяндун суманд нүүдэллэн иржээ. Ингэж шилжих хөдөлгөөн ихэссэнээр угаас Ага буриадаар бүрдэл болж байсан энэ сум буриад, халх, барга, сонгоол буриад гэсэн олон ястан, овгийн бүрэлдэхүүнтэй болжээ. Сумын нутаг дэвсгэр нь 623705 га.үүнээсбэлчээрийнгазар 478411,5 га, хадлангийн талбай 33523 га, тариалангийн газар 32,4 га байна. Төв нь Улаанбаатараас 665 км, Чойбалсан хотоос 176 км алслагдсан Наранбулаг суурин. Нутаг дэвсгэр нь уулын хар хүрэн, хар шороон, хужир мараат хам хөрс бүхий уулархаг гадаргатай. Бүрэн хаан (1348 м), Баяндун (1298 м), Их газар (1287 м), Согоот (1229 м), Угтам (1237 м) гэх мэт уулстай. Өндөр цэг нь 1348 м, нам цэг нь 783 м (Улз голын эрэг). Улз гол түүний цутгал Бүс, Баян гол, Түргэн, Унагай, Билүүт, Урт гэх мэт гол, Түргэн цагаан, Онхоодой гэх мэт нууртай. Эх газрын уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -22°С, 7 дугаар сарынх +18°-20°С, жилд дунджаар 300 мм тунадас унадаг. Сумын хойт талын Нэмнэ, Тогоот, Халиун, Бэрх, Баян талын эхээр нарс, хар мод, хус, улиас, бургас элбэгтэй. Улз голоос урагших Их газар, Согоот, Тэмээн чулуун зэрэг газар хус, улиас, бага боловч ургадаг. Энд нэрс, мойл, улаагана, үхрийн нүд, нохойн хошуу, үрэл зэрэгжимстэй. Буга, бор гөрөөс, зээр, шилүүс, үнэг, хэрэм, туулай, чоно, хярс, өмхий хүрэн, дорго, тарвага гэх мэт ан амьтантай. Хадлан бэлчээрийн нөөц ихтэй. Хялгана, хиаг зэрэг хээрийн ургамал голлон ургадаг. Баяндун, Угтам, Хайрхан зэрэг тахилгат уул, овоотой. 2005 оны тооллогоор тус сум 2906 хүн амтай, засаг захиргааны 4 багт харъяалагдаж байна. Мөн оны тооллогоор 90362 малтай, үүнээс тэмээ 258, адуу 7668, үхэр 9169, хонь 51843, ямаа 21424 толгой байна.

 

 


 

 

                    БАЯНТҮМЭН СУМ  

 

1950 оны 1 дүгээр сард Чойбалсан хотын захиргааны даргаар ажиллаж байсан С.Батмөнхийн санаачилгаар О.Гансүх, Д.Данзан, Төмөр, Намст нарын 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр хотын 6 дугаар хорины дэвсгэр нутагт "Хөдөлмөр" гэдэг нэртэй нэгдэл, аймгийн төвийг хүнсний ногоогоор хангах чиглэлтэй анх байгуулагдсан байна. 1952 онд энэ нэгдэл нь Чойбалсан хотоос нүүж Зөвлөлтийн 17 дугаар армийн хүнсний ногооны талбай, туслах аж ахуйн төв 1940-өөд онд байсан хэдэн жижиг байшин барилгыг түшиглэн "Цагаан дэрс" гэдэг газар очсон байна. 1958 онд Хэрлэнбаян сумын "Баян" нэгдэл, "Хөдөлмөр" нэгдэлтэй нийлж улмаар Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр 1959 оны 3 дугаар сард Баянтүмэн сум байгуулагдаж нэгдлийг "Баясгалант хөдөлмөр" нэгдэл гэж нэрлэх болж сум нэгдлийн даргаар С.Батмөнхийг, нарийн бичгийн даргаар Ж.Өлзийхутагийг ажиллуулжээ. Тус сум нь одоо "Хан уул" гэж нийтэд нэршсэн Баянтүмэн хан уулаараа анх нэрлэгдсэн юм. Мөн онд бага сургууль (захирал нь Ю.Сумъяа), хүн эмнэлэг (бага эмч нь А.Жамбаа), хүүхдийн цэцэрлэг (эрхлэгч нь Б.Надмид), худалдаа бэлтгэлийн анги (дарга нь Ишжамц), 1960 онд Үржил зохиомол хээлтүүлгийн улсын станц, малын их эмчийн салбар байгуулагджээ. Энэ сум нь хот орчмын аж ахуйн чиглэлээр хөгжиж 1974-1990-ээд онд 400 үнээний саалийн механикжсан ферм, 1000 га-гийн услалтын систем зэрэгХАА-н томоохон объектууд баригдаж 500-1000 га газарт дарш, ногоо тэжээлийн ургамал тариалж, Чойбалсан хотын хүнсний үйлдвэрт жилд нэг сая литр сүү нийлүүлж 1000-1500 га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж аймгийн хэрэщээнд болон улсын үрийн фондод 1600-2100 тн төмс, хүнсний ногоо, үр тариа бэлтгэж байв. Сумын хүн ам, мал сүргийн тоо толгой жил бүр нэмэгдэж нэгдлийн үндсэн хөрөнгө 1990 онд 41.4 сая төгрөгт хүрч жилдээ 7.8 сая (тэр үеийн ханшаар) төгрөгийн мөнгөн орлоготой болж байсан. Тус сумын нэгдэл, зарим албан байгууллага, саалийн механикжсан фермийн мал, өмч хөрөнгө нь зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явцад аж ахуйн нэгж, хувь хүмүүст шилжсэн байна. Сумын нутаг дэвсгэр нь 832080 га, үүнээс бэлчээрийн газар 478411 га, хадлангийн талбай 33523 га, тариалангийн газар 324 га байна. Төв нь Улаанбаатараас 645 км, Чойбалсан хотоос 12 км зайд орших Цагаан дэрс суурин. Чойбалсан хотын эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдсан. Нутаг дэвсгэр нь тал хөндийн хүрэн, хугаар, хужир мараатхам хөрстэй. Галын шил (893м), Манхтай (856м), Бор өндөр (850м) гэх мэт нам уултай, талархаг гадаргатай. Хэрлэн гол, Цайдам, Хотонт гэх мэт бэсрэг нууртай. Эх газрын уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -22°-24°С, 7 дугаар сарынх +20°-22°С, жилд дунджаар 250 мм тунадас унадаг. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, мануул гэх мэт ан амьтантай. Хээрийн болон усны шувуу элбэгтэй. Хялгана, хиагт, мангир, таана, зонхилсон хээрийн бүсийн өтгөн өвс ургамалтай. Энэ сумынхан Энх, Мөнх, Хутаг, Хан уул зэрэг тахилгатай уул овоотой. Тус сум нь 2005 оны тооллогоор 1945 хүн амтай, 3 багт харъяалагддаг. Мал нь 63206 толгой, үүнээс тэмээ 538, адуу 7722, үхэр 5569, хонь, 32930, ямаа 16447 толгой байна.

 


                           

 

                                      БАЯН-УУЛ СУМ 

 

     Баян-Уул сум нь анх 1922 онд Алхана сум (дарга нь Данжуурын Дондог) нэртэйгээр байгуулагджээ. 1925 онд зарим буриад сумдын нэрийг хуучин хойт нутагт байсан нэрээр нэрлэж байсныг болиулж, өөрийн нутаглаж байсан газрынх нэрээр нэрлэх болсноор Алхана гэж нэрлэгдэж байсан энэ сум Баян Хан уулын сум (дарга нь Цэрэнгийн Равдан) болж, эдүгээгийн тус сумын нутаг Эрдэнийн булаг, Доод Наанги, Баадай хөндий зэрэг газраар нүүдэллэн төвлөж байв. 1929 оны үед одоогийн Баяндун сумын Өвгөд уулнаас баруун тийш Улз голын дагуух суманд Бумбат, Дэлгэр уул, Баянзүрх, Паршин сумд нийлж Тариалан сум гэж нэрлэгдэх болсон байна. 1932 онд "Шинэ эргэлтийн бодлого"-ын заалтыг үндэслэн Тариалан сумыг эргэж Баян-Уул (дарга нь Цогтын Галдан, нарийн бичгийн дарга нь Пүншийн Цэвээн) гэж нэрлэж, одоогийн сумын төв Жаварт хошуунд төвлүүлжээ. Энэ суманд 1923 онд Ойн аж ахуй (дарга нь Дамдин), 1924 онд Харилцан туслалцах хоршоо (дарга нь Жамсрангийн Цэрэн), 1925 онд бага сургууль (захирлыг нь Д.Дондог хавсарч байв), 1929 онд намын үүр (дарга нь Дондогийн Дарьжав), 1934 онд мал эмнэлгийн салбар (эрхлэгч бага эмч нь Чимэдрэгзэн), 1938 онд хүний бага эмчийн салбар (эрхлэгч бага эмч нь Цэдэнгийн Дарьжаа), 1939 онд гар үйлдвэрлэлийн артель (дарга нь Ц.Содов), 1941 онд сүү тосны завод (эрхлэгчньА.Содномдагва), 1944ондЭрээний тэрэгний үйлдвэр (дарга нь Д.Содномдаржаа), 1949 онд "Холбоо" нэгдэл (дарга нь Дашийн Сэрээтэр), 1950 онд Ононгийн сангийн аж ахуй, 1955 онд Холбооны газар (эрхлэгч нь Я.Рэнцэн) тус тус байгуулагджээ. Тус сумын хүний бага эмчийн салбар нь 1951 онд их эмчийн салбар (эрхлэгч их эмч нь Ц.Жалам) болж, бага сургууль нь 1944 онд бүрэн бус дунд сургууль, 1952 онд бүрэн дунд сургууль болж өргөжин хөгжжээ. 1961 онд "Холбоо" нэгдэл татан буугдаж Ононгийн САА-тай нийлсэн байна. 1990-ээд онд САА, зарим албан байгууллагууд хувьчлагдаж, өмч хөрөнгө, мал нь хувьд шилжжээ. Сумын нутаг дэвсгэр нь 562278 га, бэлчээрийн газар 339145 га, хадлангийн талбай 45296 га, тариалангийн газар 16.5 га байна. Төв нь Улаанбаатараас 6ООкм, Чойбалсан хотоос 189 км алслагдсан Жаварт хошуу суурин. Сумын нутаг дэвсгэр нь Хан Хэнтийн их нурууны үргэлжлэл Эрээний нурууны төгсгөл хэсэг ойт хээр, тал хээрийн бүсийн заагт орших байгалийн бүрдлийг төлөөлхүйц үзэсгэлэнт нутаг. Дун уул (1434м), Онцгой уул (1425м), Бүрэнхаан уул (1348м), Баруун хар чулуу (1344м), Баян хан уул (1299м) гэх мэт 35 орчим уултай, Онон, Улз, Хархираа, Эрээн Урт зэрэг гол, Холбоо, Хар нуур зэрэг том, жижиг нуур, тойромтой. Ууланд нь нарс, хар мод болон хэдэн төрлийн навчит мод ургадаг. Сүүлийн хориод жилд Улз голын урд шилээр залуу нарсан ой өргөжин тэлж байна. Энд буга, хүдэр, бор гөрөөс, гахай, баавгай, хэрэм, шилүүс, дорго, илбэнх, чоно зэрэг ан амьтан элбэг бий. Ой модонд мойл, гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаагана, нэрс, долоогоно, чацаргана зэрэг жимс, жимсгэнэ, мөөг, сонгино, жууцай, мангир таана зэрэг амтлагч ногоо элбэгтэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -22°-24° С, 7 дугаар сарынх +18°-20° С, жилд дунджаар 300-350 мм тунадас унадаг. Загасны газар зүйн мужлалаар Амар мөрний мужид Онон, Улз голууд ордог. Хээрийн болон усны шувуу элбэгтэй. Аймгийн нийт ойн 85.0 хувь нь энэ суманд байдаг тул түүнийг түшиглэсэн ойн аж ахуй, мод үржүүлгийн хэсэг, хөрөө рам бүхий аж ахуйн нэгжүүд ажилладаг. Энэ сумынхан Баян-Уул, Бүрэнхаан, Лам овоо, Зүрх овоо зэрэг тахилгатай уул овоотой. Сумын хүн ам 2005 оны тооллогоор 4737 байсан бөгөөд эдгээр нь засаг захиргааны 6 багт харъяалагддаг. Мөн оны тооллогоор сумын нийт мал 50061 толгой, үүнээс тэмээ 382, адуу 6546, үхэр 7921, хонь 21416, ямаа 13796 толгой байна.

 


 

 

                                           БУЛГАН СУМ 

 

       Ардын засгийн үед 1923 онд Хан Хэнтий аймгийн Баянтүмэн хан уулын хошууны үед шинэчлэгдэж байгуулагдсан Булган сум 3 баг, 7 хорин, 15 арвантай, 150 өрхтэйгөөр байгуулагдаж сумын анхны даргаар Ваандадын Дансран, нарийн бичгийн даргаар Б.Алтангэрэл нар сонгогдон ажиллажээ. Хан Хэнтий аймгаас 1931 онд Дорнод аймаг салж байгуулагдах үед сумын даргаар 27 настай малчин эмэгтэй Бизъяагийн Ойдов, 1932 оноос С.Баяр (аймгийн дарга болсон), дараа нь Д.Намсрай (Тээврийн Яамны анхны сайд болсон) нар сонгогдон ажиллаж байв. Тус суманд 1937 онд мал эмнэлгийн салбар (эмч нь Д.Чүлтэм), 1938 онд бага сургууль (захирал нь Н.Балжинням), хүн эмнэлгийн салбар (эрхлэгч нь санитар С.Дугарсүрэн) тус тус байгуулагдаж, хүн эмнэлгийн салбарт 1939 онд анхны хүний бага эмчээр Д.Пунцагдаржаа томилогдон ирж ажиллажээ. Сум байгуулагдсанаас хойших хугацаанд морин өртеө, өвсний морин станц, сүү тосны завод, худалдааны байгууллага, хэсгийн шүүх айгуулагдсан байна. 1946 онд Булган сум (дарга М.Балгансүрэнгийн үед) Өвөр Урт гэдэг газар төвлөж байв. Тус суманд 1956 онд "Жавхлант" нэгдэл (дарга нь Д.Жүгдэр) 1731 малтайгаар байгуулагдаж байсан бол дараа нь мөн онд "Туг", "Баянбулган" нэгдлүүд байгуулагдаж 1958 оны 12 дугаар сард дээрх нэгдлүүд нэгдэж "Туг" нэгдэл болж 1200 орчим гишүүнтэй, 24800 малтайгаар зохион байгуулагджээ. 1950-аад оны сүүлээр сумын төв Өндөр хошуунд суурьшиж, энэ үед сум нэгдлийн даргыг нэг хүн хавсран гүйцэтгэх болсон учир сумын дарга байсан Н.Гонгор, нэгдлийн дарга байсан Д.Жүгдэр нар өөрчлөгдөж, сум нэгдлийн даргаар Ц.Дорж сонгогдон ажиллажээ. 1961 онд Жаргалант сумын "Хөгжлийн зам" нэгдлийн Хайдавгэлэг
тэргүүтэй 23 өрхийн 42 хүн шилжин ирж "Туг" нэгдэлд элссэн байна. Мөн онд тус суманд малын их эмчийн салбар, харилцаа холбоо, клуб зэрэг улсын байгууллагууд байгуулагдсаны зэрэщээ нэгдлийн нийгэм аж ахуйн чиглэлийн үйлчилгээний газрууд бий болжээ. Тус суманд 1975 онд 25 ажилтантай ахуй үйлчилгээний төв, 75 хүүхдийн дотуур байр, 1976 онд 50 хүүхдийн цэцэрлэг, 1978 онд уурын халаагууртай зуух ажиллах болжээ. 1990 онд "Туг" нэгдлийн мал, хөрөнгийг хувьчлах ажил явагдаж 1991 он болоход "Дорнод туг", "Хишиг-агро", "Сан бэйс", "Өвөр Урт" зэрэг аж ахуйн нэгжүүд байгуулагдаж нэгдлийн малын олонхыг гишүүн байсан хүмүүст тараан өгчээ. Сумын нутаг дэвсгэр нь 711111 га, үүнээс бэлчээрийн газар 667336 га, хадлангийн талбай 33013 га, тариалангийн газар 3339 га байна. Төв нь Улаанбаатараас 590 км, Чойбалсан хотоос 60 км зайтай орших Өндөр хошуу суурин. Чойбалсан хотын Эрчим хүчний системээс цахилгаанаар хангагдсан. Тэгш талархаг гадаргатай, зүүн өмнөд хэсэгтэй гүвээ толгодтой, хойт ба зүүн хэсэг нь тэгш тал. Эх газрын эрстэсуур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -21°-24°С, 7 дугаар сарынх +22°-26°С, жилд дунджаар 160-210 мм тунадас унадаг. Нутгийн хойт хил дагуу Хэрлэн гол урсан өнгөрдөг. Олон жижиг нуур, тойромтой. Бэлчээрийн алаг өвс, ботуул, харгана бүхий жижиг бутлаг үетэн, хиаг, хялгана голлосон талын ургамалтай. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, тарвага гэх мэт хээр талын ан амьтантай. Хээрийн болон усны шувуу элбэгтэй. Булган, Туг зэрэг тахилгатай уул овоотой. Тус сумын хүн ам 2005 оны тооллогоор 1860 байсан бөгөөд засаг захиргааны нэгж 3 багт харъяалагддаг. Мөн оны тооллогоор нийт мал 54440 толгой, үүнээс тэмээ 459, адуу 8010, үхэр 4000, хонь 26262, ямаа 15709 толгой байна.

 

 


 

 

                                    ГУРВАН ЗАГАЛ СУМ 

 

           Богд хаан болон Ардын Засгийн газраас манлай баатар Дамдинсүрэнгийн хүсэлтийг үндэс болгон Сэцэн хан аймгийн Ачит бэйсийн зүүн хойт хэсэг газар болон Ар таван харуулын нутгийг түүнд олгосноор Өвөр Монголын Хөлөнбуйраймгаас 1917 онд нүүдэллэн Монголд орж ирсэн барга ардуудын эзэмшил нутаг болж 1923 онд Амгалан хан уулын хошуу (захирагчньЖ.Дамдинсүрэнгийн их хүүДолцон ван) байгуулагдсан байна. Энэ хошуунд Хөх нүдэнгийн говь, Монгол цагаан нуур, Хөх нуур, дээд, доод Дөрөө,
Элтэрүүд, Мандал, Мандавай, Шавардай орчмын газар нутаг хамрагдаж байв. 1923 онд хийгдсэн засаг захиргааны зохион байгуулалтаар энэ хошууны харъяанд одоогийн Баяндун сумын Яргайт гэдэг газар сум байгуулж Яргайт сум (дарга нь Лхамжавын Сэнгээ) гэж нэрлэжээ. Энэ сумын захиргаа 1924 онд одоогийн Гурванзагал сумын нутаг Баруун Хэрэмтэд нүүдэллэн ирж төвлөжээ. 1927 онд Амгалан хан уулын хошуу нь хүн ам, мал цөөтэй учир татан буугдаж Улз голын хошуунд нийлсэн байна. 1931 онд Улз голын хошуу татан буугдахад сумд шууд аймгийн яаманд харъяалагдах болж уг сум газар усныхаа нэрээр Гурванзагал сум гэж нэрлэгдэх болсон. 1935 онд бага сургууль (захирал С.Дамдин) 25 хүүхэдтэйгээр анх байгуулагдаж дараа нь 1938 онд хүн эмнэлгийн сестрагийн салбар байгуулагдаж, 1942 онд бага эмчийн салбар болж өргөжсөн. 1942 онд зарим сумдын зохион байгуулалтанд тэгшитгэл хийж Очирбаянмөнх сумын 6 багийг тус суманд шилжүүлснээр 10 багтай болж, сумын даргаар С.Балжинням томилогдож Даллагат цагаан хошуу зэрэг газар 1943 он хүртэл нүүдлийн байдалтай төвлөжээ. 1943-1944 онд зөвлөлтийн цэргийн онгоцны нөөц буудал байгуулсан Давсан далай, Цог өндрийн дэргэд төвлөсөн байна. 1945 онд эндээсээ 40 орчим үхэр тэрэгтэй нүүж яваад эхний тэрэгний арлын оосор тасарч саатсанаас нүүдэл зогсож "газраа оллоо" гэж хэлэлцэн одоогийн төвлөж байгаа Сүмийн нуурын зүүн дэнжид тэр үеийн намын үүрийн дарга байсан Лоожоогийн санал гаргаснаар сум төвлөрч одоог хүрчээ. Сумын төв анх хэдэн эсгий гэртэй байсан бөгөөд 1945-1946 онд Дашбалбар, Баяндун сумдаасхоёр дүнзэн байшин авчирч сумын захиргааны контор, улаан булан барьсан байна. Мөн ондоо дээрх сумдаас хуучин модон байшин сургуульдаа авчран хичээлийн анги танхим болгожхүүхдүүд нь эсгий гэрт байрлах болсон байна. Тус сум сургуулийн байрнаас гадна анхны хоршоо, дэлгүүр, агуулах зэрэг 6-7 барилгыг нэмж барьсан боловч хүн ам цөөн, эдийн засгийн чадамж муутай байдлыг харгалзан АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 104 дүгээр зарлигаар сумыг татан буулгаж Чойбалсан сумтай нийлүүлжээ. 1950-1960-аад оны үед ардын аж ахуйтны нэлээд нь нэгдэлд элссэн бөгөөд нэгдэлчдийн санал хүсэлт гаргасны үндсэнд АИХ-ын тэргүүлэгчдийн 1959 оны 8 сарын сарын 5-ны өдрийн 129 дүгээр зарлигаар Гурванзагал сум дахин байгуулагдаж 4 бригадтай, 30 гаруй мянган малтай хуучин орхигдсон төвийн хэдэн модон байшингаа засаж тордон "30 жил" нэгдэл байгуулжээ.
Сумын нутаг дэвсгэр нь 525158 га, үүнээс бэлчээрийн газар 380828 га, хадлангийн талбай 18270 га, тариалангийн талбай 4759 га байна. Сумын төв нь Чойбалсан хотоос 126 км-т, Онон, Улзын хээрийн бүсийн тойрогт багтах Сүмийн булаг хэмээх газар оршино. Сумын төвд монголын үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн хөшөө байдаг. Газар нутаг нь өмнөд хэсгээрээ толгод, тал хээрийн бүсэд хамрагдах газар бөгөөд далайн түвшнээс дээш дунджаар 800 метрийн өндөрт оршдог. Жилийн цэлмэг өдрийн тоо 220-250, салхины жилийн дундаж хурд 4.2 м/с байна. Нар салхины эрчим хүчний их нөөцтэй. Сумын нутаг дэвсгэрт шивээт хялгана, хиаг, хазаар өвс, бутуул, таана, мангир, гоньд, эмийн багваахай, сөд, чихэр өвс, таван салаа зэрэг өвслөг ургамал шигүү ургана. Нутгийн хойт хэсгээр Монгол дагуурын дархан газрын үргэлжлэл Улз голын урд талын сав газар, урд талаараа Яхийн байгалийн тусгай хамгаалалтын газар Гуравны булаг, Их булаг, Мэлхийн булаг, Жаргалант, Ац булаг, Сайхан булаг, Баруун, зүүн Ямаат зэрэг20 гаруй булаг, горхи бий. Мөн Холбоо, Бортгойт, Гурван, Өлзийт, Дэлгэр, Баруун зүүн Үхэрт, Сүмийн нуур, Баян-Эрхтийн нуур зэрэг том, жижиг 50 шахамнуур,тойром,Цагаанчулуут,Жаргалант, Ямаат, Дэлгэрмөнх, Урт, Баян-Эрхтийн зэрэг уул овоотойгоос Их бага Загал, Баян-Эрхт, Дун уулын овоог тахиж шүтдэг. Хамгийн өргөн тархсан агнуурын ач холбогдолтой амьтан нь тарвага, чоно, цагаан зээр, үнэг, хярс юм. Тус сум нь одоо 1386 хүн ам, 349 өрхтэй, эдгээр нь 3 багт харъяалагддаг. Хүн амын цөөн хувь нь барга ястан. Суманд хүн, мал эмнэлгийн салбар, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, соёлын төв, "Хас ван" ХХК, "Ану" ХХК, "Цэц" ХХК, "Төгс билгүүн" Хоршоо зэрэг төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Сум нь 2005 оны мал тооллогоор 41571 толгой мал, тоолуулснаас тэмээ 239, адуу 7387, үхэр 5509, хонь 16363, ямаа 12073 толгой байна.

 


 

 

 

                                    ДАШБАЛБАР СУМ

 

     Дашбалбар сумын нутагт 1922-1923 онд Далай сум (дарга нь Бүрваагийн Мижид), Хөх уул сум (дарга нь Дансрангийн Гарам), Баруун Тарь сум (дарга нь Цэрэнпилийн Дамдинжав), Улз сум (дарга нь Очирын Аяга) байсан бол Улз голын хошуу байгуулагдсанаас хойш орон нутгийн засаг захиргааны өөрчлөлтүүд хэд дахин хийгдэж 1925 оны эхэн үед Эрхэт баян сум дарга нь Бүрваагийн Мижид), Дашбалбар сум (дарга нь Жигжидийн Дэлэгдорж), Хөх уул сум дарга нь Дансрангийн Барам болж цомхотгогдсон хэдий ч мөн оныхоо сүүлээр Улз сум (дарга нь Очирын Аяга), Баруун Тарь сум (дарга нь Очирын Сэжив), Далай сум (дарга нь Борбойн Мижид), Хөх уул сум (дарга нь Дансрангийн Гарам) болж Улз сум Улз голоор, Баруун Тарь сум Улз гол Дөч голын цутгал хавиар, Далай сум Дөч голын саваар, Хөх уулын сум Хөх уулын ар өвөр, Ямалхын голоор тус тус нутаглаж байв. 1926 онд Улз сум, Далай сум хоёр нийлж Дашбалбар сум болов. 1929 он болоход Баруун Тарь, Дашбалбар хоёр сум нийлж Дашбалбар сум (дарга нь Жигжидийн Дэлэгдорж), Хөх уул сум Эрхэт баян сум хоёр нийлж Хөх уул сум (дарга нь Шаравын Раднаа) болов. 1931 онд Дашбалбар сум, Хөх уул сум хоёр нийлж Дашбалбар сум (дарга нь Мөнхийн Эрдэнэ, нарийн бичгийн дарга Цэдэнгийн Сэрээтэр) болжээ. Тус суманд 1932 онд намын үүр (дарга нь Гончигийн Дашцэрэн), анхны хоршоо (дарга нь Чимэдийн Дуламжав), 1939 онд зуны түр сургалт, 1940 онд бага сургууль (захирал нь Сүхийн Доржханд), 1961 онд 7 жилийн сургууль (захирал нь Дашдоржийн Алтангэрэл) болжээ. 1939 онд хүн эмнэлгийн сестрагийн салбар (сестра нь Б.Намсрай), 1941 онд бага эмчийн салбар (бага эмч Аанздын Намсрай), 1963 онд их эмчийн салбар (их эмч Ц.Шагдар) болж өргөжсөн байна. 1936 онд тус суманд мал эмнэлгийн санитарын салбар (санитарч нь Тэхийн Дорж), 1940 оноос малын бага эмчийн салбар (бага эмч Балдангийн Бат), 1954 оноос мал эмнэлгийн тасаг (их эмч нь Д.Маналжав) тус ус байгуулагдан ажиллажээ. 1940 онд сумын сүү тосны завод (эрхлэгч нь Тагарын Дугар) байгуулагдан ажиллаж эхэлсэн байна. Ийнхүү эх үүсвэрээ тавьсан энэ сумын нутаг дэвсгэр 871315 га, үүнээс бэлчээрийн газар 745264 га, хадлангийн талбай 35099 га байна. Төв нь Улаанбаатар хотоос 700 км, Чойбалсан хотоос 170 км алслагдсан Цагаан дэв суурин. Нутгийн гадарга нь зүүн тийшээ налуудуу, өндөр газар нь Хар өндөр (1131м), Улз голын дагуу намхан тарамсаг уулс бий. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -22°-23°С, 7 дугаар сарынх +20°-22°С, жилд дунджаар 250-300 мм тунадас унадаг. Дөч, Жараахай, Сэвсүүл зэрэг олон гол горхи Улзад цутгадаг. Чух, Дөрөө, Хунт, Шогой цагаан, Хайчийн цагаан, Давсан цагаан, Хорин цагаан, их бага далай зэрэг олон нууртай карбонатлаг хар, нимгэн хар шороон, нугын хар хүрэн, бор, саарал, мараалаг бор хужир, мараат намгийн цэвдэгт, голын дагуу татмын үржилт хөрстэй. Үетэн, алаг өвс, зүр өвс, хиаг, хялгана голлосон уулс, хээрийн ургамалтай. Уулсын араар навчит ойн зураа бий. Цагаан зээр, бор гөрөөс, чоно, тарвага, үнэг, хярс, мануул, туулай гэх мэт ан амьтантай. Улз голд заарт харх, загас бий. Тал хээрийн болон усны шувуу элбэгтэй. Энэ нутгийнхан нутагтаа тахилгатай уул овоотой больё гэсэн хүсэлт тавьснаар Ю.Лэгдэн тэргүүтэй хүмүүсийг 1930-аад онд уугуул нутгийн Ага-ын дацан явуулж айлтгал хүсэлт оруулан Ага-ын Цагаан-Чулуутын Улаан хад гэдэг овооноос чулуу, шороо залж авчирч Зүр хүзүү ууланд овоо босгож уг уулыг Дашбалбар гэж нэрлэн овоог нь одоо ч хүртэл хүндэтгэн тахисаар байна. Энэ уул сумын төвөөс баруун тийш 10-аад км-т оршдог. Эрхэт, Буурал, Жараахай, Хөх уулын овоог одоо ч тахиж байна. Энэ сумын Ганжирт уулын Баян-Жаргалан овоог Сэргэлэн сумынхан тахиж байна. Тус сум 2005 оны тооллогоор 3347 хүн амтай, засаг захиргааны нэгжийн 4 багтай. Үүнд 800 гаруй өрх харъяалагдаж байна. Энэ сумын төвд 800-аад сурагчидтай төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн нэрэмжит 10 жилийн сургууль, 130 хүүхдийн дотуур байр, 120 ортой цэцэрлэг, 300 хүний суудалтай соёлын төв, 6600 гаруй үзмэртэй орон нутгийг судлах музей, фондондоо 36000 номтой хоёр номын сан, аж ахуйн нэгж 6 ажиллаж байна. Мөн оны тооллогоор тус сум 114356 толгой малтай, үүнээстэмээ 619, адуу 13107, үхэр 9416, хонь 61363, ямаа 29823 толгой байна.
 

 


 

 

 

                                   МАТАД СУМ

 

           1923 онд Ардын Засгийн Газраас гаргасан орон нутгийн захиргааны дүрмийн заалтыг үндэслэн нутгийн захиргаа байгуулах ажил Матад суманд 1923 оны сүүлчээс 1924 оны зун хүртэл үргэлжилж хойт буюу Өлзийт өндөр уулын сум (дарга нь Бунийн Дамба), зүүн буюу Жавхлантуулын сум (дарга нь занги Батмөнх), өмнөд буюу Түмэндэлгэр уулын сум (дарга нь Цэвэгсүрэн тайж), баруун буюу Цог-Өндөр уулын сум (дарга нь Мэндийн Очирхуяг) байгуулагдсан байна. Эдгээр дөрвөн сумнаас сонгогдсон төлөөлөгчдийн анхдугаар хурал Буурт гэдэг газар хуучин Үйзэн вангийн өргөө, хошууны тамгын эсгий гэрт 1924 оны 8-р сард хуралдаж хошуугаа Матад хан уулын хошуу гэж нэрлэж хошууны даргаар хойт сумын харьяат ард, бичээч Түмэнгийн Зэнээмэдэрийг сонгожээ. Тухайн үеийн тоо бүртгэлээр хошууны бүх өрх 649, хүн ам 5051, мал 95726 толгой байжээ. 1925-1929 онд явагдсан орон нутгийн захиргааны цомхотголоор 1929оны 10 дугаар сард Матад хан уулын хошууг Батмөнх (ёст бэйсийн) уулын хошуутай нэгтгэж Матад хан уулын хошуу гэж нэрлэн Цогөндөр, Өлзийт, Түмэндэлгэр, Хундар, Гурванбулаг гэдэгтаван сумтай байгуулсан байна. 1931 онд Дорнод аймгийг шинээр байгуулахтай холбогдуулж Матад хан уулын хошууг татан буулгаж Матад (хуучин Өлзийт), Жаргалант (хуучин Цог-Өндөр) сумд шинээр байгуулагдаж 1956 оныг хүртэл байгаад засаг захиргааны цомтголоор Матад сумыг Ар Жаргалант сумтай нэгтгэж одоогийн сумын төв Зүүн булагт төвлөрүүлж АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Матад сум гэж нэрлэсэн байна. 1924 онд 10 гаруй хүүхэдтэй бага сургууль байгуулагдсан бөгөөд 1948 онд дунд сургууль болж 1993 онд монголын төрийн шагналт ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит сургууль болсон. Одоо 270 хүүхэд суралцаж байна. 1938 онд хүний бага эмчийн салбар байгуулагдаж хүн эмнэлгийн анхны суурь тавигдаж 1960 онд их эмчийн салбар болжөргөжсөн. 1949онд Соёлынтөвийн, 1950 онд Холбооны салбарын, 1960 онд хүүхдийн цэцэрлэгийн суурь тавигджээ. Тус сумын олон жижиг нэгдлүүдийг нэгтгэж "Энхтайван" нэгдэл байгуулагдаж мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаад 1990-ээд оны эхээр өмч хувьчлалын дагуу нэгдлийн малыг хувьд шилжүүлжээ. Сумын дэвсгэр нутаг нь 2283133 га, үүнээс бэлчээрийн газар 2032802 га, хадлангийн талбай 84090 га байна. Төв нь Улаанбаатараас 720 км, Чойбалсан хотоос 150 км алслагдсан Зүүн булаг суурин. Тэгш талын гадаргатай. Дунд хэсэгтээ Баруун, Зүүн Матад, Жаргалант (1050-1246 м) зэрэг уулс, бусад хэсгийг Мэнэн, Бадам-Иш, Жаран тогооны уудам тал, Лаг, Бүрдэнэ гол, Буян-Өндөр, Таван толгой, Хөх дэрс, Цагаан тэмээтийн их говь, Алаг морьтын шил, Хонгорын щил, Буутын шил зэрэг хяр хаггүй шил, Тосон, Хөвөө, Төгөл зэрэг хужир давсны баялагтай нуур цөөрмүүд эзэлдэг. Говь талдаа таана, хөмүүл, мангир, гоньд, уул хадандаа зэрлэг сонгино элбэгтэйгээс гадна тал хээрийн бүсэндээ бэлчээрийн янз бүрийн ургамалтай. Цагаан зээр, дорго, чоно, үнэг, хярс, мануул зэрэг ан амьтантай. Энэ сумын нутгийг цагаан зээрийн эх нутаг гэж үздэг. Тиймээс ч хялганат талын экосистем, цагаан зээрийн байршлыг хамгаалах зорилгоор сумын 134582 га газрыг Дорнод Монголын дархан цаазат газар болгон монгол улсын тусгай хамгаалалтад авсан юм. Баруун, Зүүн Матад, Бадрах, Өлзийт, Буян-Өндөр зэрэг уулыг тахидаг. Тус сум нь 2005 оны улсын тооллогоор 2474 хүн амтай, засаг захиргааны нэгж 4 багтай, 66441 толгой малтай байсны дотор тэмээ 944, адуу 12357, үхэр 8302, хонь 27581, ямаа 17237 толгой байна.

 


 

 

                                   СЭРГЭЛЭН СУМ 

 

         1931 онд Засаг Захиргааны нэгжийн зохион байгуулалтаар Очирбаянмөнх , Зэндмэн сумдын хэсэг хүмүүсийн санаачилгаар Дунгийн Уртын Ширхэн хашаат гэдэг газар анх байгуулагдсан Хөгнө сум (дарга нь Ч.Аюурзана), 1946 онд Хунт сумын нутагт байгуулагдсан Хэрлэнбаян сум (дарга нь А.Амгалан) хоёрыг татан буулгаж нэгтгэн АИХ-ын тэргүүлэгчдийн 1961 оны 1 дүгзэр сарын 1-ний өдрийн 7 дугаар зарлигаар Сэргэлэн сумыг байгуулжээ. Ийнхүү халх, үзэмчин, буриад, дөрвөд ястнаас бүрдсэн Сэргэлэн сум, Сэргэлэн хараат уулын энгэрт, Галын голын хойт дэнжид зэлүүд газар төвлөрч, хоёр сумын нэгдлүүдийг нэгтгэн "Дөчин жил" хэмээн нэрлэжээ. Энэ нэгдлийн нэр нь ардын хувьсгалын 40 жилийн ойтой, нэгдлүүдийг нэгтгэх үйл явц давхцсан учир билэгдлийн утгыг агуулсан байна. 1961 онд намын үүр (дарга нь Д.Содномцэрэн), ХЗЭ-ийн үүр (дарга нь Ж.Пүрэвдорж), бага сургууль (захирал нь Л.Даваа), хүн эмнэлгийн салбар (эрхлэгч бага эмч нь О.Самдан), мал эмнэлгийн салбар (эрхлэгч бага эмч нь Ц.Гэндэн) байгуулагджээ. Сумын нийт нутаг дэвсгэр 416929 га, үүнээс бэлчээрийн газар 265499, хадлангийн талбай 44100 га, тариаланд тохиромжтой газар 6.5 га талбай байна. Төв нь Улаанбаатараас 655 км, Чойбалсан хотоос 65 км алслагдсан Сэргэлэн суурин. Хамгийн өндөр уул нь Хөгнө (1132м) сумынхаа хойт хэсэгт оршдог, бусад хэсгээр нь нам уул толгод (1000-1050м) бий. Эх газрын эрстэсуурамьсгалтай. 1 дүгээрсарындундаж температур -22°С, 7 дугаар сарынх +21 °-22°С, жилд дунджаар 250 мм тунадас унадаг. Галын гол нутгийн нь дундуур урсдаг. Яхь, Улаан, Цагаан, Хурган зэрэг нуур, тойромтой. Нам уулс, гүвээ толгодоор нимгэн карбонатлаг хар хүрэн, хөндийгөөр нугын нунтаг хүрэн, Яхь нуур, Галын голын хөндийгөөр нугын мараалаг хөрстэй. Нутгийн хойт хэсгээр алаг өвс, хялгана, зүр өвс, үетэн, хиаг, бусад нутгаар жижиг бутлаг үетэн, бусад нутгаар жижиг бутлаг үетэн, хиаг, хялгана, харгана голлосон хээрийн ургамалтай. Цагаан зээр, үнэг, хярс, чоно, мануул, дорго, тарвага, мануул гэх мэт ан амьтантай. Хээрийн ба усны шувуу элбэгтэй. Сэргэлэн хараат, Лүнгэрийн овоо, Алтан овоо, Довдой, Эрдэнэ овоо, Бэрхийн цагаан овоо, Баян уул зэрэг тахилгатай уул овоо бий. 1992 оны өмч хувьчлалаар "Дөчин жил" нэгдэл задарч гишүүдийн зарим хэсэг нь ардын аж ахуйтан болж, зарим хэсэг нь "Баялаг", "Таван эрдэнэ", "Буянт" зэрэг аж ахуйн нэгжүүдийг байгуулсан боловч 1993-1994 онд дээрх аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, хөрөнгөө дахин тараасан байна. Энэ нь тухайн үед жижиг аж ахуйн нэгжүүд хөл дээрээ зогсож үйлдвэрлэл явуулахад бэрхшээлтэй байснаас шалтгаалсан. Тус сум 2005 оны тооллогоор 2194 хүн амьтай, засаг захиргааны 5 багт харъяалагдаж байна. Мөн оны тооллогоор нийт мал 105468, үүнээс тэмээ 771, адуу 14293, үхэр 8046, хонь 54270, ямаа 28148 толгой байна.

 

 


 

 

 

                                     ХАЛХГОЛ СУМ 

 

            Монгол улсын нутгийн захиргааны дүрмийн заалтаар 1924 онд орон нутгийн бүх захиргаадыг шинэчлэн байгуулах явцад хошууны их хурал хуралдаж Сүжигт вангийн хошууг 6 сумтайгаар, тамгын газрыг нь захиран тушаах, зарга шийтгэх, цэргийн, сангийн гэсэн 4 хэлтэстэй байгуулжээ. Энэ зохион байгуулалтаар гол сумыг хувааж Буйр нуур, Эрдэнэ, Түмэн-Өлзийт, зүүн сумыг Халхгол, баруун сумыг Цагаан уул, Дайван, Хунт, Ташгай гэж нэрлэн 6 сумтай болсон байна. 1924 онд шинэчлэн байгуулагдсан Хан Чандмань уулын (Эрхэмсэг бэйс) хошууг хүн ам, мал цөөн учир Баян-Өлзий сум болгосноор уг хошуу нь 7 сумтай болжээ. 1928 онд Халх, Нөмрөг голын буриад хошууг Халхголын хошуунд нэгтгэсэн байна. 1925 онд хошууны сургууль, харилцан туслалцах хоршоо, 1930 онд хүн, мал эмнэлгийн салбаруудыг байгуулжээ. Халхголын дайнаас өмнө дээрх сумдыг төр засгийн шийдвэрээр нэгтгэснээр Хунт, Халхгол гэсэн хоёр сум болсон байна. 1930-аад оны сүүлчээр Япон, Манжийн зүгээс өдөөн хатгаж хил хязгаарын байдал хүндрэх үед Халхгол, Хунт сумынхныг нутгийн гүн рүү, одоогийн Хөлөнбуйр сумын нутаг Шашин хурах гэдэг газар татан ирүүлж нутаглуулжээ. Сүүлд хил хязгаар тайван болоход 1946 онд буцаан нүүлгэж Баянбүрд гэдэг газар сумыг төвлөрүүлсэн байна. Энэ сумдад Завсар булаг, Халхгол, Буйр нуур, Хунт, Эрхэт, Социализмын зам нэгдлүүд 1939 оны эхнээс байгуулагджээ. 1954 онд Хунт сумыг Халхгол сумтай нэгтгэж Халхгол сум болгосон байна. 1958 онд Халхгол сумыг аймгийн төвөөс хэт алслагдсан гэж үзэж Чойбалсан хотоос зүүн урд, Хэрлэн голын ойролцоо баруун Дэлгэрэх гэдэг газар нүүлгэн ирүүлжээ. 1959 онд Халхгол, Буйр нуур, Хунт, Эрхэт, Социализмын зам зэрэгжижиг нэгдлүүд нийлж "Ялалт" гэсэн нэг нэгдэл болжээ. Энэ нэгдлийн мал сүрэг, машин техник, барилга зэргийг 1990-ээд оны эхээр хувьчилж тараасан байна. УИХ-ын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Халхгол сумыг Сүмбэр сумтай нэгтгэж Халх гол нэртэй сум болгон Дорнод талын Мэнэн, Бадам-Иш, Тамсагбулаг, Их Хянганы салбар уулс, Нөмрөг, Соёлз, Хулд, Дархан уулнаас баруун тийш вангийн Цагаан уул, зүүн хойш Буйр нуур, Халхголыг хамарсан уудам газар нутагтай том сум болгожээ. Хуучин Халхгол сум одоо "Ялалт" нэртэй баг болжээ. Сумын нутаг дэвсгэр нь 2809299 га, үүнээс бэлчээрийн газар 1371793 га, хадлангийн талбай 353765 га, тариалангийн газар 45878 га байна. Сумын төв нь Улаанбаатараас 1000 км, Чойбалсан хотоос 340 км алслагдсан Хамар даваа. Энэ сумын нутаг дэвсгэрт Японы түрэмгийлэгчдийн эсрэг Монголын ард түмний явуулсан шударга дайн байлдааны дурсгал музей, домогт газрууд олон бий. Энэ нутаг нь говь, тал, ойт хээрийн байгаль хосолсон, ховор ургамал, ан амьтан, гол, нуур, булаг олонтой ой модтой нутаг юм. Халх, Нөмрөг, Нарийн, Дэгээ, Бор цагаан, Чулуут, Алтан, Могой, Азарга, Баян, Шинэ гол зэрэг том, жижиг 20 гаруй голууд, Буйр, Таван Ташгай, Хунт, Баянбүрд, Баяннуур, Мэлхийт, Өлзийт, Хотол зэрэг олон арван нууруудтай, Элст, Хайлааст, Гүү, Азаргын манхнууд, Хэрээ, Хулд, Баянцагаан, Вангийн цагаан уул, Дархан, Салхит, Улаан өндөр зэрэг олон уул, нурууд, Бадам-Иш болон Мэнэнгийн уудам тал энэ суманд багтана. Дорнод Монголын Халх, Нөмрөгийн дархан цаазат газарт дэлхийд ховордсон ан амьтан, ургамалтай. Цогтсүмбэр, Хулд, Вангийн цагаан уул зэрэг тахилгатай уул овоотой. Уул нуруу, манхнуудаар нарс, хус, хайлаас, бургас, буйлс, яшил, улиас, үрэл, мойлны мод ургадаг. Мөн бор гөрөөс, цагаан зээр, шилүүс, илбэнх, дорго, гахай, баавгай, хандгай, халиу, үнэг, хярс, чоно зэрэг 100 орчим төрлийн жигүүртэн шувууд, булуу цагаан, тул, улаан сүүлт, цурхай зэрэг загас элбэг бий. 1950-аад оны сүүл үеэс ЗХУ-ын тусламжтайгаар явагдсан атрын хайгуулаар Халхголын районд газар тариаланд тохиромжтой 273 мянган га талбай илрүүлсний 91.1 хувь нь агро үйлдвэрлэлийн 1-2 дугаар бүлэгт багтах бөгөөд 24-44 см зузаан ялзмагтай үетэй, 2.5-3.2 хувийн ялзмагтай хөнгөн ба дунд зэргийн шавранцар хөрстэй гэж тогтоожээ. Газар тариалангийн гол район болсон Зүүн Хараа, Сэлэнгэ аймгийн цаг агаараас ургамал ургах хугацаагаар 30 гаруй хоногоор урт буюу 134 хоногт хүрч жилдээ 250-450 мм тунадас унадаг байна. Энэ суманд жил бүр 1.1-1.3 сая тонн тэжээл (тэжээлийн нэгжээр) бэлтгэж хонин толгойд шилжүүлснээр 2,5-3,0 сая толгой мал маллаж болохыг мэргэжилтэн нар тооцож гаргасан байна. Сум нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, агаарын дундаж температур 1 дүгээр сард -33°С, 7 дугаар сард +22°С
байдаг. Тус сум нь 2005 оны тооллогоор 2863 хүн амтай, эдгээр нь засаг захиргааны 3 багт харъяалагддаг. Мөн оны тооллогоор 34808 толгой малтай, үүнээс тэмээ 362, адуу 6242, үхэр 8734, хонь 11899, ямаа 7571 толгой байна. Энэ сумын Ялалт багийн нутаг дэвсгэрт Баянхошуу-Өвдөгийн хилийн боомт ажилладаг бөгөөд сумын төвөөс зүүн урагш 100 гаруй км-т Нөмрөг-Рашаантын боомтыг нээхээр Засгийн газар шийдвэрлэжээ.

 

 


 

 

 

                    ХӨЛӨНБУЙР 

 

           1945 оны 10 дугаар сард Халхголын чиглэлээр Монгол улсын хил нэвтрэн ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн шинэ барга зүүн гарын Гүл цагаан болон Хөвөөт цагаан хошууны 700 гаруй хүн амтай, 70 орчим мянган малтай, 256 өрх сайн дураараа нүүдэллэн ирсэн юм. Гүл цагаан хошууны Х.Чойдог, Н.Цэвээнсодном, Н.Начин, Хөвөөт цагаан хошууны Я.Шаарийбуу, С.Гомбо нарын санаачилгаар анх нүүдэллэн ирэхэд монгол улсын харьяат болгох бэлтгэл ажлыг эхлүүлэх, засаг захиргааны түр зохион байгуулалтанд оруулах асуудлыг аймгаас шуурхай хийж, нүүдэллэн ирсэн 50 хүн тутмаас нэгийг төлөөлөгчөөр тооцож 20 хүнийг сонгож ардын хурлыг 1945 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хийжээ. Хурлыг аймгийн төлөөлөгч шүүхийн орлогч дарга Ж.Намсрай удирдан хийлгэж, сумын даргаар Ядамсүрэнгийн Шаарийбуу, нарийн бичгийн даргаар Пунцагийн Сумъяа нарыг, 3 багийн зохион байгуулалт хийж багийн дарга нарыг тус тус сонгож сумыг уугуул нутгийн Хөлөн нуур, суугуул нутгийн Буйр нуурын нэрийг оролцуулсан Хөлөнбуйр гэж нэрлэхээр тогтжээ. Хурлыг Буйр нуураас баруун урагш Мандал гэдэг газарт жасын том таван ханатай гэр бариулж хийсэн байна. 1945-1946 оны өвөл тус сумынхан Тамсагбулагаар дамжин Бадам-Ишийн тал, Мэнэнгийн шил, Хүйтний булаг, Их, бага Хүрээ зэргээр нүүдэллэн Чойбалсан аймгийн (тэр үеийн нэрээр) зүүн өмнөд нутаг Мангирт, Алтант нуур хүрч тэндээ хаваржжээ. Энэ үед аймгийн Гар үйлдвэрийн холбооны дарга Аюурбуниа гэдэг хүн төлөөлөгчөөр очиж хурал хийлгэн тус сумыг аймгаас баруун тийш 130 орчим км-т орших, Халхгол сумын төвлөрч байгаа Шашинхурах гэдэг газарт шилжүүлэхээр шийдсэнийг мэдэгдэж нүүдлийн бэлтгэл хийлгэн аагим халуун болохоос өмнө уул газартаа хүрэх нь зүйтэй гэж зөвлөжээ. Малын төл нялх байсан тул богино нүүдэл хийсээр Хэрлэн голын урд талаар шууд баруун тийшээ аймгийн төвийн урдуур нүүж одоогийн Булган сумын нутаг Норовлинд хүрэхэд Халхгол сумынхан хараахан нүүж амжаагүй байсан тул, нүүхийг нь хүлээж тэндээ зуссан байна. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд зааснаар: "...эдгээр нэр бүхий 2087 ардыг тус улсын харьяат болгон батлагдсан барга, үзэмчний (Хэрлэнбаянгийн Д.Д) ардуудаас хүссэн ёсоор тэдний саналыг үндэслэл болгон тус тус нижгээд сум зохиох .. сумын захиргааг тэдгээрийн жинхэнэ сайн дурын үндсэн дээр сонгуулиар байгуул" гэж заасны дагуу монгол улсын харьяат болсон барга ардуудын хурлыг 1946 оны 8 дугаар сарын 28-ны орчим Эрхэтийн бүрд гэдэг газарт хийж сумын захиргааг 4 багтайгаар шинэчлэн байгуулж монгол улсын иргэдээр бүрдсэн шинэ сумыг байгуулжээ. Энэ хуралд оролцохоор Шүүх яамны сайд Жамбалдорж, нарийн бичгийн дарга Моголдой нар Улаанбаатар хотоос ГАЗ-67 машинаар ирж, монгол улсын иргэд болсон барга ястнаар бүрдсэн шинэ сумын тамга, тэмдгийг гардуулан өгч баяр хүргэж байсан байна.
Энэ хүмүүссумыгзохионбайгуулахажлыгудирдан хийж шинээр хүн, мал эмнэлэг, сургууль, анхны хоршоо зэргийг байгуулж, сумын захиргаанд гэр хоёрыг хүн, мал эмнэлэг тус бүрд нэгийг, бага сургуульд таван гэрийг доторх хогшил хэрэглэлийн хамт хүлээлгэн өгчээ. Мөншинээр байгуулагдсан багийн тэмдгийг гардуулан өгсөн байна. Бага сургуулийн захирлаар Пунцагдорж, хүний эмчээр Чойжамцын Дамдинсүрэн, малын эмчээр Самдан, анхны хоршооны даргаар Мөндөлийн Гарьд нарыг томилжээ. Төлөөлөгч Моголдой нь нэг сар шахам хугацаагаар тус суманд ажиллаж засаг захиргааны ажил төрөл явуулах болон бичиг хэрэг хөтлөх, төлөвлөх, боловсруулах зэрэгт заавар чиглэл өгсөн байна. Дараа нь Эрүүлийг Хамгаалах Яамны орлогч сайд Туваан гэдэг хүн тус суманд ирж хүн эмнэлэгт 5 ханатай гэр нэгийг, 4 ханатай гэр 2-ыг нэмж өгч 5 хүний орон тоотой, 5 ортой больницыг байгуулсан байна. Эрхэтийн бүрдэнд сум төвлөрөх үед баргын дуган хийд нь тэнд ойролцоо баруун хойт талд нь 1 км орчим тусдаа төвлөрч байв. Тус сумын хийд нь Гандансамданлин нэртэй, 70 гаруй лам нартай, Лувсанжалбуу, Цогчин, Дарь эх, Ялаачийн дуган зэрэг 7 төрлийн жасаар бүрдэл болж байв. Ширээт лам нь Хөвөөт цагаан хошууны, өндөр ширээт лам гэж өргөмжлөгдсөн Гэсэг гэдэг хүн байв. Гомболхам гэдэг гол шүтээнтэй байв. 1947 оны хавар сумын төвийг өөрчлөх болсонтой холбогдуулан мөн оныхоо 5 дугаар сарын 1-ний өдөр бүх албан газрууд нэгэн зэрэг Эрхэтийн бүрдээс хөсөг тэргээр нүүдэл хийж одоогийн төв Баян гэдэг газарт төвлөрчээ. Энд төвлөрсөнөөс хойших 60-аад жилийн хугацаанд тус сум танигдашгүй болтлоо хөгжжээ. 1956 оны 8 дугаар сарын 20-нд татан буугдсан тус аймгийн Түмэндэлгэр сумаас 2 багийн 179 өрхийн 447 хүн, 13996 малтайгаар тус суманд шилжиж ирснээр хүн амын ястны бүрэлдэхүүнд өөрчлөлт орж 60 шахам хувь нь барга, 40-өөд хувь нь халх болжээ. Сумын нутаг дэвсгэр нь 377308 га, үүнээс бэлчээрийн газар 236190 га, хадлангийн талбай 15510 га, тариаланд тохиромжтой газар 1826 га талбай байна. Төв нь Улаанбаатараас 530 км, Чойбалсан хотоос 130 км алслагдсан Баян суурин. Хэрлэнгийн сав газрын тэгш талархаг гадаргатай. Цагаан өндөр (1213м), Улаан өндөр (1070м), Гурван бурхант (1120м), Шилийн холбоо (1208м) гэх мэтийн уулстай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -18°С, 7 дугаар сарынх -20°С, жилд дунджаар 200-250 мм хур тунадас унадаг. Хэрлэн гол нутаг дундуур нь урсдаг. Карбонатлаг хар хүрэн хөрстэй. Жижиг бутлаг үетэн, хялгана, алаг өвс, ботууль, харгана, хиаг зонхилсон хээрийн, Хэрлэнгийн хөвөөгөөр улалж, алаг өвс, үетэн зонхилсон нугын ургамалтай. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, тарвага, туулай, мануул гэх мэт ан амьтантай. Хээрийн болон усны шувуу элбэгтэй. Энэ суманд Өлзийт, Баян-Уул, Батхаан зэрэг тахилгатай уул овоо бий. 2005 оны тооллогоор 1847 хүн амтай, засаг захиргааны 3 багт харъяалагдаж байна. Мөн оны тооллогоор нийт мал нь 53079, үүнээс тэмээ 373, адуу 8204, үхэр 4398, хонь 26656, ямаа 13448 толгой байна.

 

 


 

 

 

                              ЦАГААН ОВОО СУМ 

 

           1929 онд Засгийн Газрын шийдвэрээр Халх Нөмрөгийн хошуу татан буугдаж Халх голын хошууны хоёр сум болж нэгдсэний дараа энэ хоёр сумынхан 1930 онд нүүдэллэн одоогийн Сэргэлэн сумын нутаг Хөгнийн шилийн өвөрт, Бүдүүний булагт төвөө тогтож Яргайт гэдэг шинэ сум байгуулж Улз голын хошуунд харъяалагджээ. Яргайт сум 1930 оны сүүлчээс 1933 он хүртэл оршин тогтносон. Хошуудыг татан буулгасны дараа сумдыг томсгон зохион байгуулах үед Саруул гүн, Эрдэнэ гүний хошуунд харъяалагдаж байсан хэсэг халхчууд, Тариалан сумын харъяанд байсан, Шалз таван толгой, Элст бөөн, Үет цагаанаар нутаглаж байсан буриадууд нийлж Эрвээхэй Галуут сум (дарга нь Мөнхжааний Очир, нарийн бичгийн дарга нь Молор-Эрдэнэ) байгуулсан байна. Энэ сум 1932 онд Шар шувуут (Түмэндэлгэр) уулын зүүн суганд байдаг хүрэн хөндий гэдэг газар төвлөрч, 1935 он хүртэл 2 жилийн хугацаанд оршин тогтнож байгаад сумын ард олны хүсэлтээр задарч нэг хэсэг нь Түмэндэлгэр сумын нэг баг болон шилжиж хуучин Эрдэнэ гүний хошууны нутаг байсан Дөрөө гэдэг газар нутаглах болсон байна. Нөгөө хэсэг нь 1935 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ардын төлөөлөгчдийн хурал хийж бие даасан сум болох асуудлыг хэлэлцэж санал хүсэлтээ аймгийн яаманд явуулсан байна. Ардын төлөөлөгчдийн хурлын энэхүү санал хүсэлтийг үндэслэн аймгийн яамны 1935 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолоор сум байгуулахыг зөвшөөрчээ. Ингэж Цагаан-Овоо сум (анхны дарга Жавын Тойсом, нарийн бичгийн дарга Баахааны Төмөр) 9 багтай, 787 өрхтэй, 2827 хүн амтай, 129782 толгой малтайгаар байгуулагдсан байна. Энэ сумын 9 багийн нэг нь халхчууд байв. Манжийн үеийн Эрээнцавын Мөнхтолгой, Дурулгуй харуулын албанд сууж байсан 60-аад өрх, одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт, тэр үеийн Егүзэр хутагтын шавь албат болж амьдарч байсан 70 орчим буриад өрх нутгийн зонтойгоо нэгдэнэ гэж 1935 оны зун нүүдэллэн ирж сумын бүрэлдэхүүнд орсноор Цагаан-Овоо сум 10 багтай болжээ. Мөн оны намар Элст боон, Үет цагаанаар нутаглаж байсан 70-80 орчим өрх, буриадууд (тэр үед Хужиртааныхан гэгдэж байсан) нутгийн ойрыг бодож Түмэндэлгэр сумын харъяанаас гарч Цагаан-Овоо суманд шилжин орсон учир 11 багтай болжээ. Энэ сум ахар богино хугацаанд эрчимтэй хөгжиж ажлаараа улс, аймгийнхаа нийт сумдаас тэргүүний эгнээнд явж ирснийг 1943 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн ГазраасХ.Чойбалсангийн гарын үсэг зурсан, мөнгөн сүлдтэй 1168 дугаартай үнэмлэх авсан явдал гэрчилж байна. 1950-аад оны үеэр, өөрөөр хэлбэл ХАА-н нэгдэл, САА-нууд байгуулагдаж байх тэр үед сумын хүн амын бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орж тус сумын 11 дүгээр багийн (Хужиртааныхан) 70-аад өрх Баян-Уул суманд, 2 дугаар багийн 30 гаруй өрх Чулуунхороотын САА-д шилжсэний зэрэгцээгээр Булган сумнаас 20 шахам өрх, Хөлөнбуйр сумнаас 10 гаруй өрх Цагаан-Овоо сумын нэгдэлд элссэн байна. Тус суманд нэгдэлжих хөдөлгөөн 1935 оноос эхэлж 1950-аад оны үед эрч далайцтай өрнөж жижиг нэгдлүүд хоорондоо нэгдэж "Нуга", Талуут" гэсэн хоёр томоохон нэгдэл болсноор 1959 оны 4 дүгээр сарын 1-нд гаргасан аймгийн шийдвэрээр нэгдлийг түшиглүүлж сум байгуулахад хүрсэн байна. Ингэж "Нуга" нэгдлийн дэргэд Цагаан-Овоо сум хэвээрээ үлдэж, "Галуут" нэгдэл Галуут сум болж шинээр байгуулагдсан бөгөөд Цагаан-Овоо сум "Нуга" нэгдлийн даргаар Вандын Цэрэндорж, Галуут сум "Галуут" нэгдлийн даргаар Доржийн Батхуяг нар ажиллаж байгаад 1960 оны 12 дугаар сард хоёр сум, нэгдэл нийлж Цагаан-Овоо сум, "Галуут" нэгдэл (сум нэгдлийн дарга нь Доржийн Батхуяг) болжээ. Ингэж тус тусдаа нэртэй, нэг доор төвлөрч байсан нэгдлүүд нийлж нэг сум болж, нэг хүний удирдлагад шилжсэнээр нэгдлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эдийн засгийн үзүүлэлтээрээ улсын хэмжээнд тэргүүлэх байранд хүрч сум нэгдлээ барилгажуулан, нийгмийн хөгжлийн асуудлуудыг дэс дараатай шийдвэрлэж чаджээ. Энэ амжилтаараа "Галуут" нэгдэл АИХ-ын тэргүүлэгчдийн 1969 оны 272 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан юм. 1930-аад оны дунд үеэс мал эмнэлгийн салбар (бага эмч нь Шивиръян хэмээх Жамбалын Дамдин), 1961 оноос мал эмнэлгийн тасаг (их эмчийг Н.Цэрэнпил) байгуулагдсан бол, 1935 оны зун Баянголд 20 гаруй хүүхэдтэй нэг багштай "Зун цагийн бага сургууль" байгуулагдаж 1940 онд жинхэнэ бага сургууль (захирал нь Очирын Махиалай) болсон байна. Энэ сургууль 1967 онд 7 жилийн сургууль (захирал нь Лхамжавын Даваа), 1990 онд 10 жилийн дунд сургууль (захирал нь Ойдовын Дашням) болж өргөжжээ. 1938 онд хүн эмнэлгийн салбар (курс төгссөн эмч Цагаадайн Жаргал), 1960-аад оноос хүний их эмчийн салбар болон хөгжсөн байна. Сумын нийт дэвсгэр нутаг 650200 га, үүнээс бэлчээрийн газар 353215 га, хадлангийн талбай 63380 га, тариаланд тохиромжтой газар 4046 га талбай байна. 2005 оны тооллогоор 3393 хүн амтай, үүний 90 гаруй хувь нь буриад ястан бөгөөд 800 гаруй өрхтэй. Төв нь Улаанбаатараас 560 км, Чойбалсан хотоос 130 км-т буй Хөөврийн нуур. Баруун хойт хэсгээрээ Үст (1388 м), Бидэр (1190м), Алтач (1043м) гэх мэт нам уулстай, нутгийн ихэнхийг Дорнод Монголын тэгш тал, урд хэсгийг Галын голын хөндий эзэлдэг. Барилгын түүхий эдийн баялагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -18°С, 7-р сарынх +20°С, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг. Хэрлэн гол, Галуут, Хөөвөр, Гүн цэнгэлэг гэх мэт нуур тойромтой. Нугын үлдмэл, нимгэн, мараалаг хар хүрэн хөрстэй. Хойт хэсгээр үетэн, алаг өвс, өмнөд хэсгээр харгана, жижиг бутлаг, үетэн, хиаг, хялгана зонхилсон ургамалтай. Хусан төгөл, зураатай. Бор гөрөөс, чоно, үнэг, хярс, мануул, тарвага гэх мэт ан амьтад, хээрийн ба усны шувуудтай. Түмэндэлгэр, Түшлэгийн овоо, Чандмань, Бадрахын овоо зэрэг тахилгатай уул овоотой. 2005 оны тооллогоор тус сум 113674 толгой малтай, үүнээс тэмээ 412, адуу 12758, хонь 52566, ямаа 39671 толгой байна. 

 

 

 


 

 

                             ЧУЛУУНХОРООТ СУМ 

 

         БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар тогтоолд: "...Чойбалсан аймгийн Дашбалбар сумын нутагт мал үржүүлэх ажил голлон эрхэлсэн Чулуунхороот гэдэг нэртэй сангийн аж ахуйг 1956 онд байгуулсугай" гэж зааснаар Дашбалбар сумын 4 дүгээр багийн Чулуунхороотын уурхайг татан буугдахад байшин барилгыг нь түшиглүүлэн САА-г байгуулсан байна. 1956 онд САА-н даргаар Бат-Очирын Нядаа томилогдож, хүн эмнэлгийн салбар (их эмч нь Элчинбуугийн Энхээ), мал эмнэлгийн салбар (их эмч нь Уртнасангийн Лигаа), бага сургууль (захирал нь Ёндонгийн Дорж) байгуулагдаж, САА-н агротехникчээр Цэрэндоржийн Жигмид, зоотехникчээр Өлзийн Содном нар ажиллаж эхэлсэн байна. Чулуунхороотын САА гэдэг нэрээр анх байгуулагдсан энэ сангийн аж ахуй нь 1959 онд засаг захиргааны зохион байгуулалтаар сумыг шинээр байгуулж Чулуунхороот гэж нэрлэж, САА-г Эрээнцав гэж нэрлэж байхаар тогтсон байна. Шинээр байгуулагдсан сумын даргаар Бадамцэрэнгийн Аюур, нарийн бичгийн даргаар Базарсадын Цэрэнпүрэв нар сонгогдон ажиллажээ. САА-н үйлдвэрлэлийн хүрээг өргөжүүлж үр тариа, мал аж ахуйг хослуулан эрхлүүлэх зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор сумын төвийг нутгийн дундаж газар болох Эрээнцав нутагт нүүлгэжээ. 1970-аад онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр сум, САА-н төвийг орчин үеийн барилгаар тохижуулсан юм. Энэ сумын нутаг дэвсгэр 65393 га, үүнээс бэлчээрийн газар 418411 га, хадлангийн талбай 18183 га, тариалангийн газар 2651 га байна. Төв нь Улаанбаатараас 885 км, Чойбалсан хотоос 240 км алслагдсан Эрээнцав суурин. ОХУ-ын эрчим хүчээр хангагддаг. Нутаг нь талархаг гадаргатай. Баруун зүүн хэсэгт Дэлтийн нуруу, Хөх уул (1045м), Хайлан (952м), Үүлэн хаан (822м), Шаварт (905м) гэх мэт уулстай. 1 дүгээр сарын дундаж температур -22°-23°С, 7 дугаар сарынх +19°-21°С, жилд дунджаар 260-400 мм хур тунадас унадаг.Улз, Дөч, Ямалх гэх мэт гол, Галуут, Жирмийн цагаан, Шаварт, Монгол цагаан, Бүс гэх мэт нуур тойромтой. Газрын гадарга нь нимгэн хар хүрэн нугархаг, карбонатлаг хүрэн, карбонатлаг хар шороон, нугын хүрэн хөрс зонхилдог. Үр тариаланд тохиромжтой нутаг нилээд бий. Улз, Дөчийн голын хөвөөгөөр татмын хөрстэй. Үетэн, алаг өвс, зүр өвс, хиаг, хялгана, харгана, жижиг бутлаг үетэн, улалж, дэрс зонхилсон хээрийн ургамалтай. Улз голын сав дагуу шинээр ургаж буй бургасан шугуй, төгөл элбэг бий. Бор гөрөөс, заарт харх, чоно, үнэг, хярс, мануул, тарвага гэх мэт ан амьтантай. Хээрийн ба усны шувуутай. Хөх уул, Үүлэн хаан, Баян хан, Цагаан чулуут, Дэлгэр булгийн овоо гэх мэт тахилгатай уул овоотой. 1960-1970-аад онуудад газар тариалан эрчимтэй хөгжүүлж, хонийг Байгалийн цаадах үүлдрийн хуцаар эрлийзжүүлсэн. Мөн 1980-аад оноос улсын фондын өвс хаддаг хэд хэдэн механикжсан салаа ажиллаж улсад олон мянган тонн өвс тушааж байв. 1990-ээд оноос САА татан буугдаж өмч хувьчлалаар хэд хэдэн аж ахуйн нэгж болон задарч үндсэн хөрөнгө нь хувьд шилжсэн. Тус суманд одоо "Алтанхан цав", "Дорнын сүрэг", "Улз хатан ижий", Омог эх" зэрэгХХК-дүйлажиллагааявуулжбайна.2005 оны тооллогоор хүн ам нь 1518, өрх 423, засаг захиргааны анхан шатны нэгж 3 баг (Дэлгэр, Цагаан чулуут, Галуут)-т харъяалагддаг. Мөн оны тооллогоор нийт мал 29322 үүнээс тэмээ 103, адуу 3336, үхэр 2990, хонь 14133, ямаа 8760 толгой байна. 

 

 

 


 

 

 

                             ЧОЙБАЛСАН СУМ 

 

               БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1931 онд хуучин хошуудыг татан буулгаж нэгтгэх, шинэаймаг, сум, багбайгуулах ажил явагдах үед Очирсүмбэр, Дэлгэрмөнх, Баянталбай сумдыг нийлүүлж нэг сум болгон Давст сум гэж нэрлэжээ. Энэ сум нь 1000 гаруй өрхтэй, 10 гаруй багтай нэлээд том сум болсон байна. 1935 онд орон нутгийн засаг захиргаа шинэчилсэн зарчмаар сонгох, түүний гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх ажил орон нутагтзохиож энэ асуудлаар Давст сумын төлөөлөгчдийн хурал хуралдаж, хурал дээр олон төлөөлөгчдөөс сумын нэр нь зохимжгүй байна, олонд алдаршсан хуучин гурван сумын ард олонд тааламжтай гурван газрын нэрээс адил тэгш оруулж сумаа нэрлэх нь зүйтэй гэж санал гаргасныг үндэслэн хурлаас сумын нэрийг хуучин Очирсүмбэр сумын нэрээс "Очир", Баянталбай сумын нэрээс "Баян", Дэлгэрмөнх сумын нэрээс "Мөнх" гэдэг нэрийг авч Очирбаянмөнх сум гэж нэрлэсэн байна. Энэ сум нь 15 багтай зохион байгуулагджээ. 1936 онд 15 багийн 1338 өрх аж ахуйтанд 131313 толгой мал байсан байна. Мөн онд сумын захиргааны нэг гэрт зуны түр сургууль (багш нь Дугар), 1937 онд мал эмнэлгийн салбар (бага эмч нь Хандын Дорж), 1938 онд хүн эмнэлгийн санитар салбар (эрхлэгч нь санитар Орших) байгуулагджээ. Дээрх түр сургууль нь 1940 онд сумын анхны бага сургууль болж 60 хүүхэдтэй, 8 эсгий гэр, нэг жижиг байшинд хоёр багш (Балганы Жамъян, Жүгдэрийн Доржпалам)-тай хичээллэх болсон байна. 1942 оны эхэнд зарим сумдын зохион байгуулалтанд тэгшитгэл хийх үед тус сумын 6 багийн 660 өрхийн 1970 хүн ам, 57500 гаруй малыг Гурванзагал суманд шилжүүлээд Очирбаянмөнх сум нь 9 багтай 748 өрх 54700 гаруй толгой малтай үлджээ. 1944 онд Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор ОчирбаянмөнхсумыннэрийгөөрчилжБНМАУ-ын хошой баатар, маршал Чойбалсангийн нэрээр нэрлэсэн байна. Тус суманд нэгдэлжих хөдөлгөөн эрчимтэй явагдаж 1937-1958 онд "Жаргалант амьдрал", "Хэрлэн цагаан талбай", "Гучин жил", "Хэрлэн", "Баяндэлгэр", "Дэлгэрэх" нэгдлүүд байгуулагдаж 1959 онд эдгээр нэгдлүүд нийлж нэгдэл нийгмийн 34519, гишүүдийн амины 28364 бүгд 62883 толгой малтайгаар нэг нэгдэл болж, нэгдлийн нэрийг "Хэрлэн цагаан талбай" (дарга нь С.Гомбожав) гэж нэрлэжээ. Атар газар эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэх зорилтыг МАХН-ын Төв Хорооны 1959 оны III бүгд хурлаас дэвшүүлсний үндсэнд тус суманд сангийн аж ахуй байгуулагдаж Хэрлэнгийн САА (дарга нь Т.Дагва) гэж нэрлэв. Шинэ байгуулагдсан САА-н ажилчин, албан хаагчид болон "Хэрлэн цагаан талбай" нэгдлийн нэгдэлчин олны санал хүсэлтийг харгалзан улс, аймгийн удирдах дээд байгууллагуудын шийдвэрээр 1961 онд САА, Нэгдэл хоёр нийлж сум, САА болж Чойбалсан сум, Хэрлэнгийн САА гэж нэрлэгдэх болсон байна. Уг САА нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг голлон эрхэлж, улсын фондын өвс бэлтгэх, гахай, шувуу өсгөх, аймгийн төвийг сүүгээр хангах чиглэлээр ажиллаж байгаад 1990-ээд оны өмч хувьчлалаар улсын мал, тариалангийн хөрөнгө техникийг аж ахуйн нэгж, хувь хүмүүст өгсөн. Сумын нутаг дэвсгэр нь 1015212 га, үүнээс бэлчээрийн газар 827316.2 га, хадлангийн талбай 31339 га, тариалангийн газар 7000 га байна. Төв нь Улаанбаатараас 711 км, Чойбалсан хотоос 55 км алслагдсан Хулст суурин. Сумын төвд маршал Х.Чойбалсангийн хөшөөг 2005 онд түуний 110 жилийн ойгоор босгосон. Сумын төв Чойбалсан хотын эрчим хүчний системээс цахилгаанаархангагдсан, төмөр замын өртөө, хилийн боомттой. Бэлчээрийн үетэн, алаг өвс, хиаг, хялгана, харгана, жижиг бутлаг үетэн, улалж, дэрс зонхилсон хээрийн ургамалтай. Хэрлэнгийн хөвөөгөөр алаг өвс, үетэн, улалж бүхий нугын ургамал элбэгтэй. Хэрлэнгийн дагуу бургасан шугуйтай. Нутгийн ихэнхийг Дорнод Монголын тэгш тал, гүвээ толгод эзэлдэг. Цувраа (970м), Сэргэлэн (899м), Их үнэгт (956м), Өлзийт (786м), Цагаан толгой (652м), Дунд Хярд (773м) гэх мэт уулстай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -22°С, 7 дугаар сарынх +21 °С, жилд дунджаар 200-280 мм тунадас унадаг. Яхь, Хярд, Хар нуур, Цагаан нуур, Хөх нуур гэх мэт нуур тойромтой. Нутгийн нь дундуур Хэрлэн гол урсаж өнгөрдөг. Карбонатлаг, мараалаг нимгэн, хар хүрэн хөрс зонхилдог. Цагаан зээр, чоно, үнэг, хярс, дорго, тарвага зэрэг ан амьтантай. Хээрийн. болон усны шувуу элбэгтэй. Дэлгэрмөнх, Найнги, Гурванбаян, Үнэгт, Буяндэлгэр, Хулстай, Баянхутаг зэрэг тахилгатай уул овоотой. Тус сум 2005 оны тооллогоор 2844 хүн амтай, засаг захиргааны нэгж 3 багтай. Мөн оны тооллогоор 69645 толгой малтай, үүний дотор тэмээ 597, адуу 10163, үхэр 7735, хонь 32495, ямаа 18755 толгой байна. 

 

 

 


 

 

 

                         ХЭРЛЭН СУМ 

 

             1994оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан Чойбалсан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар чуулганаар,"Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагынтухай" хуулийн дагуу Чойбалсан хотыг засаг захиргааны нэгжийн нь хувьд сум болгохоор "сум ба хотын нэрийн тухай" асуудлыг хэлэлцэж сумын нэрийг "Хэрлэн" гэж шинээр нэрлэж, хотын нэрийг "Чойбалсан" гэдгээр нь байлгах саналыг засгийн газарт уламжилж өгөхийг аймгийн Засаг даргын тамгын газарт хүссэн тогтоол гарчээ. Уг асуудал хүсэлтийн ёсоор шийдвэрлэгджээ. Дараа нь Чойбалсан хот, Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1994 оны 6 дугаар сарын 24-ний ээлжит бус чуулганы тогтоол гарч УИХ-ын 1994 оны 33 дугаар тогтоолоор Чойбалсан хотыг засаг захиргааны нэгжийн хувьд Хэрлэн сум болгосонтой холбогдуулан хотын иргэдийн төлөөлөгчдийн болон нийтийн хурал, хот багийн засаг дарга нар болон багуудыг сумын зохионбайгуулалтадшилжүүлжнэрлэх.хуучин ашиглагдаж байсан тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас, хаягийг өөрчилж захиалж хийлгэх арга хэмжээгавахыг 1994 оны 7 дугаар сарын 1 -нээс эхлүүлжээ.Ингэж Чойбалсан хот нь төрийн захиргааны нэгж байснаа больж, Хэрлэн сумын төв буюу аймгийн төв гэж нэрлэгдэх болсон. 1994 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Хэрлэн сумын ИТХ-ын анхдугаар чуулган болж сумын ИТХ-ын анхны даргаар С.Чимэдрэгзэнг, нарийн бичгийн даргаар Л.Лхамжавыг сонгож, сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчаар Ц Баттөмөрийг сонгох санал дэвшүүлснийг аймгийн Засаг дарга батламжилжээ. Хэрлэн сум нь 65,0 мянган ам хавтгай дөрвөлжин км нутагтай, Хэрлэн голын хоёр талд Матад, Булган, Баянтүмэн, Чойбалсан сумтай хиллэдэг. Засаг захиргааны үндсэн нэгж 10 багтай, 2005 оны байдлаар 40667 хүн ам бүхий 9000 гаруй айл өрхтэй, 92088 малтай. Аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ боловсрол соёл, эрүүл мэндийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тус суманд олон байдаг. Чойбалсан хот нийслэлээс 656 км алслагдсан бөгөөд далайн түвшингээс дээш 700 м өндөрт оршдог.

 

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Your Contact Details:
Сэтгэгдэл:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img]   
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Security
Зураг дээрх спэмээс хамгаалсан кодыг дуурайлгаж оруулна уу.
 

Сайтын статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр697
mod_vvisit_counterӨчигдөр778
mod_vvisit_counterЭнэ 7 хоног4745
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног5551
mod_vvisit_counterЭнэ Сар17636
mod_vvisit_counterӨнгөрсөн Сар25490
mod_vvisit_counterБүх өдөр1136371