Home Хөтөлбөрүүд Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулах, хадгалах

Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулах, хадгалах

 

 

 

                                       ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

                                        ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

 

 
        2005 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Дугаар 244 Улаанбаатар хот
 


Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

 

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шаардагдах зардлыг санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаанд даалгасугай.

 

3. Хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд Д.Дорлигжавт тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

  Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН

 

 

 

 

ҮНДЭСНИЙ СОЁЛЫН ӨВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТООН СИСТЕМД ОРУУЛАН ХАДГАЛАХ ХӨТӨЛБӨР

 

Нэг. Хөтөлбөрийн эрх зүйн үндэслэл

 

  Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр зэрэг баримт бичигт соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, судлах, сурталчлах, ашиглах талаар тодорхой заасан байна.

 

  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (2004-2008)-ийн 2.4-т “Үндэсний дурсгалт соёлын өв хөрөнгийн талаархи мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр боловсруулан ажиллана” гэж заажээ.

 
Хоёр. Хөтөлбөрийн үндэслэл

 

  Соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах ажлын үндэс нь соёлын өвийг баримтжуулан бүртгэж, мэдээллийн санг бүрдүүлэх явдал юм.

 

  Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар соёлын өвийн бүртгэл-мэдээллийн сангийн тогтолцоо, улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, түүнд бүртгэх харилцааг зохицуулжээ. Энэхүү хуулийн дагуу 1995 онд Соёлын яамны (хуучин нэрээр) харьяанд Соёлын өвийн төв байгуулагдаж соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг “Соёлын өвийн улсын бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, уг санд бүртгэх журам” (1995, 2005)-ын дагуу гүйцэтгэж иржээ.

 

  Одоогийн байдлаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан нь 267 ширхэг түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, нийслэл болон 20 аймгийн музейн үнэт үзмэр зэргээс бүрдсэн түүх, соёлын хөдлөх дурсгалт 6000 орчим зүйл, үл хөдлөх дурсгалт 400 орчим зүйлийг тодорхойлолт, гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулан бүртгэлийг бүрдүүлэн хадгалжээ. Бүртгэлийн 70 орчим хувь нь орон нутгийн музейн үзмэрийн бүртгэл эзэлж байгааг үзэхэд түүх, соёлын нандин өв санг голлон хадгалж байгаа улсын чанартай музей, Эрдэнэсийн сан, Үндэсний номын сан, Гандантэгчинлэн хийд, Археологийн хүрээлэн эзргийн зөвхөн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл нь бүртгэгдсэнээс бусад дурсгалт зүйл үндсэндээ улсын нэгдсэн бүртгэлгүй байна.

 

  Соёлын өвийн улсын бүртгэл-мэдээллийн сангийн бүрдүүлсэн дээрх бүртгэлийн гэрэл зураг, дүрс бичлэг, тодорхойлолт зэргийн зарим нь мэргэжлийн түвшинд хүрэхгүй байгаа нь тухайн байгууллагын боловсон хүчин, гэрэл зургийн тоног төхөөрөмж, хэмжилтийн багаж, компьютер түүний дагалдах хэрэгсэл дутмаг буюу огт байхгүйтэй холбоотой юм. Түүнчлэн соёлын өвийн мэдээллийг бүртгэх, хадгалах тусгай программ байхгүй, улс, аймгийн музей болон соёлын өв хадгалагдаж буй бусад байгууллага нь мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байгаа учраас соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх ажил удаашралтай явагдаж байгаа юм.

 

  Бүртгэл-мэдээллийн санд хадгалагдаж байгаа бүртгэл нь батлагдсан маягтын дагуу бөглөсөн тухайн дурсгалт зүйлийн тодорхойлолт, гэрэл зураг бүхий цаасан дээрх мэдээлэл нь хэрэглэгчдээс тавьж буй шаардлагад бүрэн нийцэхгүй, хязгаарлагдмал шинжтэй байна. Иймд соёлын өвийн талаархи мэдээллийг тоон технологид оруулж электрон бичлэгтэй, хэмжээ, эргэлтийн хувьд хязгааргүй, орон зай, цаг хугацаанаас үл хамааран мэдээллийг түргэн шуурхай харилцан солилцох, хэрэглэгчдэд хүргэх боломжийг орчин үеийн техник, технологийг ашиглан бүрдүүлж, найдвартай хадгалах зайлшгүй шаардлага гарч байна.

 

  Мэдээллийн эрин зуунд соёлын өвийн талаархи мэдээллийг багцлан хадгалахын тулд орчин үеийн компьютер, харилцаа холбооны техник ашиглан, мэдээллийн эрэлт хэрэгцээнд тохирсон тоон технологи, электрон хэлбэрт оруулж, олон улсын жишигт нийцсэн соёлын өвийн бүртгэл-мэдээллийн сүлжээг бий болгосноор соёлын өвийн талаархи бүх мэдээллийг түргэн хугацаанд солилцох, соёлын өвөө дэлхий нийтэд сурталчлах, улмаар найдвартай хадгалах нөхцөлийг бүрдүүлж мэдээллээ хойч үедээ өвлүүлэн үлдээх таатай боломж бий болох юм.

 
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

  3.1. Хөтөлбөрийн зорилго

 

  Үндэсний соёлын өвийн талаархи бүрэн мэдээллийг бүрдүүлэх, соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сангийн тогтолцоог сайжруулж, соёлын өвийн мэдээллийг тоон технологи, электрон хэлбэрт оруулан нэгдсэн сүлжээ бий болгон, мэдээллийг шуурхай харилцан солилцох, найдвартай хадгалах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

 

  3.2. Хөтөлбөрийн зорилтууд

 

  3.2.1. соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулах программ хангамжтай болох;

 

  3.2.2. соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан болон соёлын өвийг хадгалж байгаа байгууллагыг гэрэл зургийн тоног төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд ашиглагдах компьютер, дагалдах хэрэгслээр хангах;

 

  3.2.3. программ хангамж, техник хэрэгсэл дээр ажиллах боловсон хүчинг бэлтгэх;

 

  3.2.4. соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд соёлын өвийг бүрэн хамруулах. Үүнд:

 

  а/улсын болон шашны байгууллагад хадгалагдаж байгаа түүх, соёлын хөдлөх дурсгал;

 

  б/үл хөдлөх дурсгал;

 

  в/утга соёлын өв.

 

  3.2.5. үндэсний соёлын өвийн мэдээллийг улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд төвлөрүүлэн, архивлан хадгалах.

 
Дөрөв. Хэрэгжүүлэх арга зам

 

  4.1. соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулах программ хангамжийг боловсруулах мэргэжлийн баг ажиллуулах;

 

  4.2. соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан болон соёлын өвийг хадгалж байгаа байгууллагуудад гэрэл зургийн тоног төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд ашиглагдах компьютер, дагалдах хэрэгслийг суурилуулах;

 

  4.3. техник хэрэгсэлд нь дадлагажуулах, баримтжуулах үйл ажиллагааг явуулах талаар тусгай сургалт-семинар зохион байгуулж, удирдамж, заавар, аргачлалаар хангах;

 

  4.4. соёлын өвийн талаархи бүртгэл, мэдээллийг программын дагуу бүрдүүлж 2007 онд дуусгах, цаашид мэдээллийн баяжилт, шинэчлэлийг байнга хийж байх. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хуваарийн дагуу улиралд нэг удаа сүлжээгээр хүргүүлэх бөгөөд сүлжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгаж байх;

 

  4.5. соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд бүртгэлийг архивын зориулалтаар тоноглогдсон өрөөнд цаасан болон электрон хэлбэрээр архивлан хадгалах;

 

  4.6. “Соёлын өвийн улсын бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх, түүнд бүртгэх журам”-ын дагуу дурсгалыг 3-4 талаас нь авсан болон онцлог шинж, гэмтлийг харуулсан гэрэл зургууд, маягтын дагуу бүрдүүлсэн тодорхойлолт зэргээс мэдээллийг бүрдүүлэх;

 

  4.7. үл хөдлөх дурсгалын мэдээллийг сүлжээнд нээлттэй тавьж сурталчлах;

 

  4.8. хөдлөх дурсгалын мэдээллийн тодорхой хэсгийг судалгаа, сурталчилгаанд зориулах;

 

  4.9. утга соёлын өвийн талаархи мэдээллийн нэг хувийг Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд шилжүүлэн авч тоон системд оруулах.

 
Тав. Хөтөлбөрийн хамрах хүрээ

 

  5.1. Улсын чанартай музей:

 

  1. Чойжин ламын сүм музей;

  2. Богд хааны ордон музей;

  3. Дүрслэх урлагийн музей;

  4. Уран зургийн галерей;

  5. Эрдэнэ зуу музей;

  6. Үндэсний түүхийн музей;

  7. Театрын музей;

  8. Монгол цэргийн музей;

  9. Байгалийн түүхийн музей.

 

  5.2. Орон нутгийн чанартай музей:

 

  1. 21 аймгийн музей.

 

  5.3. Соёлын өв хадгалагдаж байгаа байгууллага:

 

  1.Үндэсний номын сан;

 

  2. Улсын эрдэнэсийн сан;

 

  З. Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төв;

 

  4. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн.

 

  5.4. Шашны байгууллага:

 

  1. Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд.

 

 

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага,

зохион байгуулалт

 

  6.1. хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах, төлөвлөлтөөр хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гүйцэтгэнэ;

 

  6.2. хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжил арга зүй, удирдамжаар хангах ажлыг Соёлын өвийн төв гүйцэтгэнэ;

 

  6.3. хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна;

 

  6.4. хөтөлбөрийг Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан шат шатны бүртгэл-мэдээллийн сан хамтран хэрэгжүүлнэ.

 

 
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа

 

  Хөтөлбөрийг 2006-2008 оны хугацаанд хэрэгжүүлнэ.

 
Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны

төлөвлөлт, санхүүжилт

 

  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёлын өвийн төв, соёлын өв хадгалагдаж байгаа байгууллагууд зөвшилцсөний үндсэн дээр жил жилээр төлөвлөн хэрэгжүүлнэ.
 Хөтөлбөрийг дараахь хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ:

 

 

 

1. улсын болон орон нутгийн төсөв;

 

2. тусгай зориулалтын сан;

 

3. гадаад орон, олон улсын байгууллагын хөрөнгө, хандив;

 

4. өөрийн үйл ажиллагааны орлого.

 

 

Соёлын өвийн мэдээллийн сүлжээний хөрөнгийг хөтөлбөр хэрэгжүүлэх З жилийн хугацаанд хөтөлбөрийн зардлаас гаргах ба хөтөлбөр дуусмагц тухайн аймгийн Засаг дарга, улсын музейн захирал, бусад байгууллагууд он оны төсөвтөө тусгаж үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл хөтөлбөрт хамрагдсан байгууллага 2008 оноос хойш жил бүр тухайн байгууллагынхаа төсвийн урсгал зардалд 420.000 төгрөгийг нэмж төлөвлөнө. Нийт 36 байгууллага улсын болон орон нутгийн төсвөөс 2009 оноос жил бүр 15.120.000 төгрөгийг зарцуулах юм.

 
Арав. Хөтөлбөрийн үр дүн

 

  Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
соёлын өвийн талаархи мэдээлэл бүрэн тоон системд орно;
соёлын өвийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болж, орчин үеийн мэдээллийн түвшинд хүрсэн байна;
соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сангийн тогтолцоо сайжирна. Электрон шуудангаар бүртгэл-мэдээллээ авдаг тогтолцоонд орно;
соёлын өвийн мэдээллийг шуурхай харилцан солилцох нөхцөл бүрдэнэ. Соёлын өвийн талаархи бүртгэл-мэдээлэлд орсон өөрчлөлт болон холбогдох бусад мэдээллийг шууд сүлжээгээр авч байна;
соёлын өвийн бүрэн мэдээлэлтэй болж ашиглах, сурталчлах таатай орчин бүрдэнэ. Соёлын өвийн мэдээллийн тодорхой хэсгийг тухайлбал, үл хөдлөх дурсгалын талаархи мэдээллийг интернетэд тавьж сурталчлах ба хөдлөх дурсгалын зарим мэдээллийг зөвхөн ажлын хэрэгцээнд кодоор ашигладаг болно;
соёлын өвийн бүртгэл-мэдээллийг найдвартай архивлан хадгална. Архивын зориулалтын сейфэнд, архивын журмын дагуу хадгалах нөхцөлтэй болно.

 

  
Арван нэг. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

 

  11.1. Соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулах программ хангамжийн шаардлага хангасан байдал.

 

  11.2. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг бүрдүүлэх тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал:

 
 
гэрэл зургийн тоног төхөөрөмжийн тоо;
мэдээллийн сүлжээнд ашиглагдах компьютер, дагалдах хэрэгслийн тоо.

 

  11.3. Хүний нөөцийн асуудал:
зохион байгуулсан сургалт-семинарын тоо;
программ хангамж, техник хэрэгсэл дээр ажиллах талаар дадлагажсан хүний тоо.

 
 

  11.4. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын өвийн тоо (байгууллагаар):
 улсын болон шашны байгууллагад хадгалагдаж байгаа түүх, соёлын хөдлөх дурсгалын тоо;
үл хөдлөх дурсгалын тоо;
утга соёлын өвийн тоо.

 

  11.5. Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд соёлын өвийг архивлан хадгалсан байдал.

 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү 

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Your Contact Details:
Сэтгэгдэл:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img]   
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Security
Зураг дээрх спэмээс хамгаалсан кодыг дуурайлгаж оруулна уу.
 

Сайтын статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр604
mod_vvisit_counterӨчигдөр1296
mod_vvisit_counterЭнэ 7 хоног3517
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног4226
mod_vvisit_counterЭнэ Сар15287
mod_vvisit_counterӨнгөрсөн Сар9362
mod_vvisit_counterБүх өдөр1039539