Home Дорнод аймаг Дорнод аймагт оршин суудаг ястнууд

Дорнод аймагт оршин суудаг ястнууд

Мэдээллийн индекс
Дорнод аймагт оршин суудаг ястнууд
Барга
Буриад
Үзэмчин
Хамниган
Бүх Хуудсууд

 


                      БАРГА

 

Барга Монголчуудын тухай хамгийн эрт тэмдэглэгдсэн зүйл гэвэл Дундад Хятадын Тан улсын үе (МЭ-ний VII зуун)-ийн тэмдэглэлүүд болно. Энэхүү тэмдэглэлүүдэд барга ястныг "Ба-еэ-гү" гэдэг нэрээр тэмдэглэсэн байжээ. Гэсэн ч энэ нэр одоог хүртэл тайлагдаагүй олон судлаачдын анхааралд байсаар байна. Барга ястны гарал үүсэл, нэрийг буриадтай холбож үзэх үндэслэл бий. Нэгд: Баргуудын эх нутаг нь Байгаль нуур орчимд байсан, хоёрт: Барга угсаатны гарал үүсэл буриад угсаатны дээд овог Барга баатрын отгон хөвгүүн Хоридой мэргэний толгойлж байсан аймаг, овгийн үр үндэс болохыг түүх нэгэнт нотолж байгаа учир барга гэдэг нэр Барга баатрын нэртэй холбогдож гарсан байж болох юм гэж зарим судлаачид үзэж байна. XVII зууны эхэн үед Чивчин барга Байгал нуурын зүүн эрэг хавийн Баргужин зэрэг газраас Манжийн шаардлагаар Бөхэ (Цичихар) хот орчим газар нүүдэллэж ирээд 1732 (Манжийн Найралттөв хааны 10) онд Хөлөнбуйрын нутагт нүүж ирсэн учир "хуучин барга" гэж нэрлэжээ. Нэг хэсэг барга нар Сэцэн хан аймгийн Жанчивдоржийн хошуунаас 1734 онд Хөлөнбуйр нутагт хожим нүүж очсон тул "шинэ барга" гэж нэрлэгджээ. Жанчивдоржийн хошуу нь энэ үед Хэрлэн голоос урагш, Буйр нуураас баруун хойш байсан. Ингэж Манж Чин улсын үед баргужин буриадаас чивчин барга, хори буриадаас шинэ барга салж Хөлөнбуйр нутагт иржээ. Цаг үеийн тодорхой шалтгаанаар шинэ баргаас 1917 онд Сэцэн хан аймгийн зүүн хойт ар таван харуулын чиглэлийн нутагт, 1945 онд Чойбалсан аймгийн, одоогийн Хөлөнбуйр сумын нутагт тус тус нүүдэллэн ирж суурьшсан. Барга ястан одоогоор тус аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр сумдад ихэвчлэн амьдарч байна. 

 


                              БУРИАД 

Байгаль нуурт нутаглаж байсан Барга баатар Тайсан ноёныг буриад (эхирид, булгад, хори буриад)-ын дээд өвөг гэж үздэг. Буриад гэдэг нэрийг Барга баатрын дунд хөвгүүн Гүр Буряадын "буряад" гэдэг үгнээс үүссэн гэж домог буй. Зарим судлаач, тухайлбал эрдэмтэн Ц.Цэдэндамбаев эртний тургийн "буре" буюу чоно гэдэг үгээс буриад гэдэг үг үүссэн гэж тайлбарлажээ. Орос оронд цаг төр эрс өөрчлөгдөж, ирээдүйдээ итгэх итгэл найдвар алдрах тутам буриадууд Монгол уруу олноор нүүх болсон. Ингэж Монгол уруу чиглэсэн нүүдлийн ихэнх нь Сэцэн хан аймгийн зүүн хойт (одоогийн Дорнод аймгийн) хилийн "Харуулын газар"-аар орж ирж нутаглажээ. Энэ нүүдэл нэлээд эртнээс эхэлсэн бөгөөд 1913 онд Хурц (Баян-уул сум)-ын харуулаас зүүн хойт хязгаарын, тодруулбал: Монгол, Орос, Хятад улсын хилийн уулзвар хавийн Зах Хөвөлзөх (Чулуунхороот сумын нутаг)-ийн харуул хүртэл 12 харуулын чиглэлээр 700 гаруй айл өрх монголд нүүн орж ирсэн нь анхны их нүүдэл байв. Энэ бүх нүүн ирэгсдийг бүгдийг монголын тал хүлээж аваагүй. 1920-1921 оны үед дүрвэж ирсэн буриадуудыг монголын харьяат болгох ажил эхэлсэн бөгөөд 1923 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын бүрэн эрхт төлөөлөгч А.Н.Васильев, Монгол Улсын ГЯЯ-ны сайд А.Амар нарын гарын үсэг зурсан "Гэрээ бичиг" гарснаас хойш буриадуудыг Монголын харьяат болгох ажил эрчимтэй зохиогдон засаг захиргааны зохион байгуулалт хийгдэж "Гэрээ бичиг" гарахаас өмнө байгуулагдсан сумдыг нэгтгэн хошууг зохион байгуулжээ. 1922 онд Улз голын буриад хошуу (одоогийн Баяндун, Баян-Уул, Дашбалбар сумынхан)-г анх Хан-Уул, Баяндун, Паршин, Баянзүрх, Бумбай, Дэлгэр-Уул, Зүүн Тарь, Улз гол, Хөх уул гэсэн 9 сумтай байгуулсан. Үүнд: 1297 өрх, 5982 хүн ам хамрагдсан байна. 1923 онд Халх, Нөмрөгийн буриад хошуу (одоогийн Цагаан-Овоо сумынхан)-г анх Могойт гол, Нөмрөг гол, Сүмбэр, Үлирэнгэ гэсэн 4 сумтай байгуулсан. Үүнд: 334 өрх, 1539 хүн ам хамрагдсан байна. Ингэж хошуу байгуулагдах үед байсан хүн ам өсөж үржин хүн амын улсын 2000 оны тооллогоор тус аймагт 17196 буриад ястан бүртгэгдсэн нь аймгийн нийт хүн амын 22.8 хувийг эзэлж байв. Одоогоор буриадууд тус аймгийн Дашбалбар, Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун, Хэрлэн сумдад ихэвчлэн суурьшин амьдарч байна. 

 


                               ҮЗЭМЧИН ЯСТАН 

 

            Монголын олон ястнуудыг эртний түухчид эзэн богд Чингисийн удам Бөх Бэлгүүтэйн удам, хавт Хасарын удам гэж ангилдгийн дотор үзэмчингүүдийг эзэн Чингисийн бүлэгт хамааруулсан байдаг бөгөөд Чингисийн удмын 35 дахь үеийн, үзэмчин хошууны засаг ноён Минжүүрдоржийн Гунгааравдан (Содномдовжоо) өнөө энх тунх Дундговь аймгийн төвд амьдарч байна. Эзэн богд Чингис хаан Нэгдсэн их Монгол улсыг байгуулах явцад 1207 оны үед алс баруун зүгээс үзэмчин, үжигээд гэсэн ястангууд ирж нэгдэж байсан тухай түүх, сударт тэмдэглэгдэн үлджээ. Тэр үед үзэмчингүүд, "Үзмийн цагаан уул" (одоогийн хятадын Шинжаан) гэгчийг тойрон нутаглан морь, малын туурайд тах, товх болтлоо бяцран гишгэгддэг байсан элбэг баян үзэм, жимсээ түүж, түүнийгээ боловсруулан амьдардагбайснаас"Үзэмчин"гэдэгнэрүүосэн гэж үздэг. Үзэмчингүүд нүүж ирсэн энэ нутагтаа өнө удаан хугацаанд амьдран суусан бөгөөд Чингис хааны XV үеийн ач хүү Батмөнх даян хааныхүүТөрболдынэзэмшилдорж.хааныхаа зарлигаар говьд шилжин суурьшсанаар түүх нь хэсэг хугацаанд бүдгэрдэг боловч XVII зууны эхний хагаст Хэрлэн голын хөвөөнд нүүдэллэн ирж, Халхын Шолой сэцэн хааны ивээл дор нутаглах болсноор үзэмчний түүх дахин тодорч ирдэг. 1600-аад оны эхний хагаст Манж гүрэн хүчирхэгжиж, Монголын олонх ноёд түүнд дагаар орсон үед үзэмчний ноёд Дээд Эрдэмтийн 2 дугаар он буюу 1673 оны орчим өөрийн хошууныхаа ард иргэдийг авч одоогийн Өвөр монголын Шилийн гол аймгийн зүүн, баруун хошууны нутаглаж буй газарт очиж суурьшаад тэнд 300 орчим жил амьдарчээ. Энэ нутгаасаа 1945 оны 11 дүгээр сардтухайнүеийннийгэм,улстөрийнбайдлаас шалтгаалан дэвшилтэт үзэлтэй зарим хүнийхээ удирдлагаар БНМАУ-д нүүдэллэн ирснээр тодорхой тооны үзэмчингүүд Монгол нутгийнхаа, тодруулбал Дорнод аймгийн газар шороон дээр дахин аж төрөх болсон түүхтэй. Одоо Сэргэлэн, Баянтүмэн, Булган, Хэрлэн, Чулуунхороот сумдад үзэмчин ястангууд ихэвчлэн суурьшин амьдарч байна.  

 


                              ХАМНИГАН ЯСТАН 

            Хамниган гэдэг үг нь камни-гакан, эвенк (солон барга) хэлээр "уулынхан" гэсэн утгатай гэдэг боловч энэ үг одоо ч гэсэн өөрийн тайлал шаардсаар байна. Олон улсын эрдэмтэд хамниганы угсаа гарлын талаар нэлээд судалсан хэдий ч нэг мөр болсон дүгнэлтэд хараахан хүрээгүй. Зарим эрдэмтэд, хамниган угсаатан нь 300-аад жилийн өмнөөс Дагуур нутагт орж ирсэн эвенк, манж, тунгус угсаатнаас тогтсон гэж үздэг. Хамниган бол монгол, түрэг, эвенк, манж угсаатнаас бүрдэн тогтсон бөгөөд хэл аялгуу нь тэдгээрийн хэлний элементүүдэд хадгалагдан үлджээ. Хамниган аялгуунд байдаг хуучны элементүүд нь монгол бичиг дэлгэрэхээс өмнөх үеэс хадгалагдан үлдсэн бөгөөд үүнийг хамниган хүмүүс бусад монгол угсаатнаас
тусгаарлагдмал байдалтай байснаас шалтгаалсан бололтой гэж нэг хэсэг эрдэмтэд үзэж байна. 1904 онд Оросын судлаачдын хийсэн бүтээлээс үзвэл Сэцэн хан аймгийн Баяндэлгэрийн хошуу, гүн Пунцагнэрэн, засаг Дашдэндэв, гүн Гончигцэрэн нарын хошуугтус тус хамниган олонтой гэжээ. Дээр өгүүлсэн гүн Пунцагнэрэнгийн хошууны нутаг нь үе улирсаар Эрдэнэ гүний хошуу болж, дараа нь Баян-Уул, Цагаан-Овоо сумд болжээ. Иймээс ч энэ хоёр сумдад хамниган угсаатан амьдарч байгаад буриад, халхад уусаж цөөрсөн гэх үндэслэлтэй.

 

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Your Contact Details:
Сэтгэгдэл:
[b] [i] [u] [url] [quote] [code] [img]   
:D:angry::angry-red::evil::idea::love::x:no-comments::ooo::pirate::?::(
:sleep::););)):0
Security
Зураг дээрх спэмээс хамгаалсан кодыг дуурайлгаж оруулна уу.
 

Сайтын статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр87
mod_vvisit_counterӨчигдөр264
mod_vvisit_counterЭнэ 7 хоног1257
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоног4366
mod_vvisit_counterЭнэ Сар7789
mod_vvisit_counterӨнгөрсөн Сар15142
mod_vvisit_counterБүх өдөр993327